Д.Амгалан: Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас осолд өртсөн орон сууцны иргэдтэй гэрээ байгуулна

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослоос үүдсэн нөхцөл байдал, сэргээн босгох ажлын талаар УОК болон НОК-оос мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын үеэр нийт хохирлын хэмжээг нарийн тооцоолж гаргаагүй байгаа тухай мэдээлсэн бөгөөд амь хохирсон хүмүүсийн тоог нуун дарагдуудах боломж байхгүй тул ташаа мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа. 

Энэ үеэр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амгалан "Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу түрээсийн зардалд дэмжлэг үзүүлэх, иргэдийн бичиг баримтын бүрдэл, лавлагааны талаар мэдээлэл өгөхөөр НЗДТГ-аас иргэдтэй уулзсан.

Осолд өртсөн орон сууцнуудын засвар, сэргээн босголтын зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа.

Буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх учраас НЗДТГ-аас иргэдтэй гэрээ байгуулна" гэж хэллээ.

 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Гал түймэрт өртөж түлэгдсэн нийт 27 хүн эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэж, 13 хүн зөвлөгөө, анхан шатны тусламж аваад гэртээ харьсан. Түлэгдэж гэмтсэн 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас өнгөрсөн шөнө 19 настай нэг иргэн харамсалтайгаар амиа алдлаа. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн нэг нь 90-98 хувийн түлэгдэлтэй байгаа бол нэг иргэний биеийн байдал туйлын хүнд, 4 хүний биеийн байдал маш хүнд, 8 хүн хүндэвтэр гэсэн оноштой эмчлүүлж байна. 

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Эрүүл мэндийн байгууллага холбогдох эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. 

Осол, гал түймрийн шалтгаан, түүнээс үүдсэн хэргийн бодит нөхцөл байдал, нийт хохирлын хэмжээ зэргийг хянан шалгаж эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд олон нийт албаны эх сурвалжийн мэдээллийг хараарай. Олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл, хардлагын шинжтэй, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан, таамаглалын шинжтэй мэдээллүүд түгэж байгаа учраас бид бодит нөхцөл байдлыг тухай тухай үед нь өгөөд явах учраас албаны эх сурвалжийн мэдээлэл авч байгаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ