Д.Отгонжаргал: Хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор автобусны зарим чиглэлд зохицуулалт хийнэ
Нийтийн тээврийн нөхцөл байдал болон маршруттай холбоотой асуудлаар Нийтийн Тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодрууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн төлөвлөлтийг шинэчлэх ажлын чиглэл ирсэн. Мөн Түгжрэлийг Бууруулах Үндэсний хорооноос энэ асуудлаар хуралдаад богино эргэлтийг хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Үүний дагуу дугаарын хязгаарлалттай байгаа үед болон оюутан сурагчдын хичээлийн амралтын хугацаанд богино эргэлттэй маршрутыг хэрэгжүүлж туршихаар болсон юм.
Маршрут өөрчлөгдсөн асуудлаар иргэдээс 3,000 орчим дуудлага, санал гомдол ирсэн. Хотын зах орчмоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй байгаа талаар иргэдийн гомдол дийлэнхийг эзэлж байна. Иргэдийн гомдол дээр үндэслээд хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээсэн. Энэ 71 чиглэл нийтийн тээврийн нийт ачааллын 25 хувийг эзэлдэг. Гэхдээ маршрут өөрчилсөнтэй холбоотой мэдээллийг иргэдэд дутуу өгснөөр алдаа дутагдал гарсан тохиолдол бий.
Замын ачааллыг тээврийн цагдаагийн алба хаагчдын оролцоотойгоор хагас дутуу суллаж нийтийн тээврээ явуулж байна.
Хүүхдүүдийн сургуулийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор өөрчилж магадгүй чиглэлүүд бий. Үүнийг тухайн үеийн нөхцөлөөс шалтгаална шийдвэрлэнэ.
Өмнө нь Энхтайваны өргөн чөлөөнд 22 чиглэлийн автобус нэг дор орж ирдэг байсныг богино эргэлтийн маршрутаар цөөлөх бодлого баримталсан. Ингэснээр төв замын ачаалал багасгаж нийтийн тээврийн хүртээмж сайжрах учиртай" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ