УНТЭ-ийн урологи, андрологийн эмч нар Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутагт хийгдэж байгаагүй урологийн 9 мэс засал хийлээ
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг газарт төвлөрүүлэн үзүүлэх нь иргэдэд чирэгдэл ихтэй, оочер дараалал үүсч, дугаарлаж байх хугацаанд үндсэн өвчлөл хүндрэх явдал цөөнгүй тохиолддог байсан тул 2020 оноос эхлэн ЭМЯ-ны дэргэдэх “Урологи-андрологийн салбар зөвлөл”-өөс тусламж, үйлчилгээг сайжруулах, төвлөрлийг бууруулах зорилгоор 15 аймагт бөөрний дуранг суурилуулан, найман төрлийн мэс засал, дөрвөн төрлийн оношилгоог хийх бүрэн боломжтой болсон.
Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн тэргүүлэх зэргийн эмч П.Мягмарсүрэн болон урологийн эмч У.Түвшинтөгөлдөр, Б.Батхүү эмч, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн урологи, андрологийн эмч Б.Мөнхжаргал, Мэдээгүйжүүлгийн эмч Э.Лхагважаргал, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч нар 2024 оны 1 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд орон нутагт хийгдэж байгаагүй урологийн есөн мэс заслыг амжилттай хийлээ.
Мөн яаралтай журмаар хоёр мэс заслыг амжилттай хийжээ. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг урологийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн бөөр, шээс дамжуулах замын мэс заслын болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний өвчин эмгэгийг оношилж, мэс заслын аргаар эмчилж, орон нутагт урологи андрологийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД