УОК: Зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарласан

Хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлаар өнөөдөр /2024.01.23/ Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 


Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Өвөлжилт бүх аймагт хүнд байгаа учир зарим аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна. Мөн малын хорогдлыг аль болох бага гаргах, махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвч тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, долоон аймгийн 28 сум төмөр буюу шилэн зудтай байна.

Нойтон цас орж, хөлдөж мөстөж, мал явах боломжгүй болсон хүндрэлтэй, бэлчих боломжгүй байгаа юм.

17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Ингээд тооцохоор 21 аймаг нийтдээ зудын эрсдэлтэй байна. Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэгдүгээрт, экспортыг зогсоох. Өөрөөр хэлбэл, малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарсан. Үүний зорилго нь өвс тэжээлийн нийлүүлэлтийг дотооддоо тогтворжуулах, малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийн хөөрөгдлийг бууруулах. 9200 орчим тонн тэжээлийг улсын нөөцөөс малчдас 50 хувь хөнгөлөлттэй олгоод байна. Гуравдугаарт, тэжээлийн үйлдвэрүүдтэй уулзаж, зохион байгуулалтыг хийж эхэлсэн. Үйлдвэрийн үнээр буюу дундын зуучгүйгээр малчдад тэжээлийг хүргэх тал дээр УОК-ын шуурхай штаб аймаг бүр дээр 24 цагаар ажиллаж байна.

Махны нөөц нэлээдгүй хуримтлагдсан. өнгөрсөн сарын 1-ний байдлаар 49500 тонн махыг малчид гар дээрээ нөөцөлсөн байсан. Тиймээс бид малчдын гар дээр байгаа махыг худалдаж авах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтыг хийж ажиллаж байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч хоёр арга хэмжээг авч ажиллаж байна. Эхнийх нь зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлж байна. Хөдөө орон нутгаас явуулын байдлаар махыг авч байгаа. Бирж дээр өнөөг хүртэл гараас гарт худалдан авалтыг хийдэг байсан тогтолцоог халж шууд борлуулах боломжийг бүрдүүлсэн. Цаашид махнаас гадна арьс, шир зэргийг биржээр худалдаалж эхэлснээр дангаар монопольсон байдал байхгүй болно. Биржээр нийт 350 орчим сая төгрөгийн махыг худалдаалсан байна. Махны хэмжээгээр авч үзвэл 350 толгой хонь амьдаар худалдаалсан гэсэн үг. Нийт 70 орчим тонн мах биржээр худалдаалсан. Нээлтийн үнэ амьд хонь 8800 төгрөг байсан. Тиймээс цаашид мал, махаа арилжаалах шинэ боломж бүрдэж байна. Малчид заавал махаа зөөх шаардлагагүй. Сум, аймгийн төвийн мал эмнэлгийн бичиг хийгдсэн тохиолдолд шууд биржээр борлуулж болно.

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД УЛААНБУУДАЙН НӨӨЦГҮЙ БОЛСОН

Дараагийн асуудал бол хүнсний улаанбуудай. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайн нөөцгүй болсон гэдэг асуудал яригдсан учир Засгийн газрын хуралдаанаар 100 орчим мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжүүд нихйт 88 мянган тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл авсан. Ингэснээр орон нутгийнхан заавал төв суурин газраас биш ойролцоох хилийн боомтуудаас улаанбуудайгаа татах боломжтой болсон.

Цаашид энэ арга хэмжээнүүд өвөл, хаврын турш зохион байгуулагдана.

Өвөлжилтийн нөхцөл байдал дээр УОК, хүнс хөдөө аж ахуйн холбогдох байгууллагууд, зэвсэгт хүчний техник хэрэгсэл хүн хүч ажиллаж байна. Отор нүүдлээр явж байгаа малчдын асуудлыг шийдвэрлэхэд бид анхаарч ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ