“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б БНХАУ-ын компаниас хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 828 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 808 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 5 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь БНХАУ-ын компанийн нэр бүхий хүнээс хахууль авсан гэх;
- “Н” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан гэх;
- “З” нь “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтагро” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа “Мэтагро” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас хахууль авсан гэх.
- Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ