“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяны хаалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа
“Хамтдаа хуримтлуулж-ирээдүйгээ бүтээцгээе” уриан доор зохион байгуулагдсан “Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяны хаалтын арга хэмжээг 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгууллаа. Бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн аяны хаалтын арга хэмжээнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын оюун ухааны академи, “Мони маркет фанд” ХХК болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сангийн төлөөлөл оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр хамтрагч байгууллагын төлөөллүүд хуримтлал, хадгаламжийн ач холбогдлын талаар илтгэл танилцуулж, “Санхүүгийн боловсрол-Бидний амьдралд” гар зураг, видео бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг шагнаж урамшуулав. Түүнчлэн Санхүүгийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэгдсэн төрийн байгууллагын ажилтан албан хаагчид, боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгчид, ахлах ангийн сурагчдын эхлүүлсэн ажлын үр дүнг дүгнэж, үнэллээ.
Өмнөговь аймаг нь санхүүгийн боловсролын жишиг аймаг болох томоохон зорилтыг дэвшүүлэн орон нутгийн иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэдийн дунд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх мэдлэг, ур чадвар нэмэгдсэнээр хувь хүний санхүүгийн сахилга бат сайжирч, аливаа эрсдэлээс сэргийлэх, түүнийг даван туулах чадварыг эзэмшдэг. Улмаар иргэд хуримтлалтай болж, санхүүгийн сахилга бат сайжирснаар улс орны эдийн засагт ч эергээр нөлөөлдөг, өндөр ач холбогдолтой билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ