НҮҮРСНИЙ СОНСГОЛ: "Б.Ганхуягийг хүчтэй бодисоор хордуулсан гэх гомдлын дагуу шалгаж байгаа”
"Нүүрсний" гэх тодотголтой нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголд УИХ-ын С.Ганбаатар оролцож байна. Тэрбээр Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хандан “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ямар шалтгаанаар сонсголд оруулахгүй байгаа болон түүнийг хордуулсан гэх асуудал үнэн эсэхийг лавлав.
Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах түр хорооны тогтоол гарсан. Тогтоолыг хууль хяналтын байгууллагад 11 дүгээр сарын 29-нд явуулсан. Тэрбээр шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах үйл ажиллагаанд хэн боловч хөндлөнгөөс оролцох хориотой. Тиймээс би Засгийн газрын гишүүн, сайдын хувьд, Түр хорооны даргын хувд ч Б.Ганхуягийг цагдан хорих байрнаас авчрах боломжгүй. Энэ тохиолдолд би шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон хууль зүйн үр дагавар яригдах юм. Энэ бол гэмт хэрэг болно.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлж байгаа хордуулсан гэх асуудлыг ар гэрийнх нь төлөөлөл өнөөдөр биш өчигдөр надад зурвас бичиж ирүүлсэн. Ер нь хортой бодисоор хордуулсан байна, Б.Ганхуягийг сулла гэдэг өргөдлийг байнга өгдөг. Энэ ноцтой асуудал тул Эрүүгийн цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгөөд шалгуулж байгаа. Шалгалтын үр дүн гарахаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ