Өмнөговийн 457.3 га газрыг БНХАУ-ын 38 компанид эзэмшүүлснийг шалгуулахаар АТГ-т ханджээ

УИХ-ын хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ.

Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн Нүүрсний сонсголоор Тавантолгой ХК-ийн газар олголтын талаар мэдээлэл сонссон. Уг асуудлыг шалгасан хянан шалгагч, шинжээчийн дүгнэлтээр Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компани нийт 457.3 га газрыг Ханбогд сумын Засаг даргын захирамжаар олгосон байна хэмээн дүгнэсэн. Тэгвэл уг дүгнэлтийн дагуу АТГ-т хандаж байгаа аж.

Дүгнэлтийг танилцуулах үед түр хорооны гишүүд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс хууль зөрчиж газар олгосон эсэхийг асуухад "Миний хувьд гадаадын иргэн, компанид газар олгосон асуудал байхгүй. Газар авсан хүмүүс цааш нь эрхээ хэрхэн шилжүүлснийг би мэдэхгүй" хэмээн хариулсан юм. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Газрын албаны дарга П.Золжаргал "Гадаадын иргэдэд газрыг ашиглуулахаар гаргах ёстой. Гэхдээ амьдрал дээр Монгол Улсын иргэд гадаадын иргэдийн өмнөөс газар эзэмших хүсэлт илгээдэг" гэх мэдээллийг өгсөн байна.

АТГ-т дээрх асуудлаар хандсан талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон. Энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шалгуулна" гэжээ.

Үндсэн хууль болон Газрын тухай хуульд зааснаар гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг зөвхөн ашиглуулахаар олгох ёстой бөгөөд эзэмшүүлэхээр олгох ёсгүй юм. Иймд, сонсголын үеэр түр хорооны гишүүд тухайн газрыг эрх ашгийн үүднээс зарсан байж болзошгүй гэж үзсэн. Учир нь, Тавантолгой ХК нүүрс ачилт, буулгалтын зориулалтаар талбай худалдан авах тендер зарлахад нэг га газрын үнэ тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байжээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс асуухад "Надад ямар нэгэн нөлөөлөл байхгүй, гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар олгоогүй гэдгээ дахин хэлье" гэсэн юм.

Өмнөговийн 457.3 га газрыг БНХАУ-ын 38 компанид эзэмшүүлснийг шалгуулахаар АТГ-т ханджээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ