З.Батбаяр: Зайсангийн таван хотхоны уснаас хүний өтгөнөөс гардаг нян илэрсэн
Зайсан орчмын таван хотхоны крантнаас авсан усны шинжилгээгээр өтгөнд байдаг бактери илэрсэн талаар Усны газраас мэдээллээ.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр "Усны газрын лабораторийн шинжилгээний дүнгээр Зайсан орчмын таван хотхонд ундны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн. Өөр бусад лабораторид хийгдсэн шинжилгээний дүн хараахан нэгтгэгдээгүй байна. Дээрх хотхонууд Зайсангийн амын энд тэнд байршилтай байгаа учраас тухайн газарт тэр чигтээ гэдэсний савханцар илэрсэн байх эрсдэлтэй.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газарт халдварт болон халдварт бус өвчин тархах эрсдэл үүссэн байж болзошгүй талаар мэдээлж, энэ асуудалд анхаараасай гэдэг үүднээс албан хүсэлт явуулсан. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандаж, энэ талаар судалгаа хийхийг зөвлөсөн байгаа. Зайсангийн аманд байршилтай 3-4 сургууль бий. Тухайн сургуулиудад ойролцоогоор дөрөв орчим мянган хүүхэд суралцаж байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн эрүүл мэнд эрсдэлд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Гэдэсний савханцар нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл. Бид гэдэсний савханцраас сэргийлэхийн тулд бие зассаны дараа гараа угааж, гаднаас гэртээ орохдоо гутлаа тайлдаг. Гэтэл ундны уснаас энэ төрлийн савханцар илэрч байна. Ганц энэ бодис ч биш маш олон төрлийн бодис бий.
Бид их олон жилийн турш голын хамгаалалт, ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар ярьсан. Харин энэ тухай асуудал хамгийн ихээр алдагдсан газар нь Зайсангийн ам орчимд. Энэ жижигхэн аманд 16-20 мянган хүний бөөгнөрөл үүсгэж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай энэ мэтээр илэрч байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ