Зогсоолоос болж маргалдан, нэг нь 700 мянган төгрөгөөр торгуулжээ
Иргэн М, С-рүү гар утсаар залган “Автомашинаа зөв байрлуулчих” гэж шаардлага тавьжээ. Харин С шаардлагыг нь үл хүлээн авч маргалдаж, улмаар М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байна.
“Та машинаа хойш ухраагаад зөв байршуулчих, тэгвэл ахиад нэг машин зогсох зай байна” гэж хэлсэн.
Хохирогч М “Би гэр рүүгээ орох гээд автомашинаа гадна байрлуулах зогсоол хайгаад явж байсан. Гэтэл .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоолоос урагшаа илүү гаргаад байрлуулсан байсан. Тэгэхээр нь салхины шилэнд бичээтэй байсан дугаар руу залгаад “Та машинаа хойш ухраагаад зөв байршуулчих, тэгвэл ахиад нэг машин зогсох зай байна” гэж хэлсэн. Гэвч “Би орой буцаад гарна, албаар тэгж байрлуулсан, чи наанаа машинаа байрлуулах албатай юу" гэх мэт үг хэлж, улмаар бид маргалдсан. Тэр намайг гэрийнхээ цонхоор хараад, "Наанаа байж бай" гэж хэлээд гарч ирээд "Чи ямар олон үгтэй бацаан бэ" гэх мэтээр хэлж өшиглөсөн, өвдөглөсөн" гэж мэдүүлжээ.
Харин шүүгдэгч С “Тэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь харилцсан цохилцсон” гэх агуулгатай мэдүүлэг өгчээ.
Шүүхээс иргэн С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ