“Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн удирдлага” хэлэлцүүлэг болов

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудад компанийн засаглалын тогтолцоог сайжруулах, комплайнсын үр дүнтэй хяналтыг нэвтрүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн их сургууль болон “Санхүүгийн боловсролын зангилаа” төрийн бус байгууллагатай хамтран “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн удирдлага” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “2007 онд “Монгол Улсын компанийн засаглалын кодекс”-ийг анх баталж байсан бол 15 жилийн дараа шинэчилсэн. Улмаар энэ онд кодексийн хэрэгжилтийг үнэлж, салбарын зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулсны үр дүнд зохицуулалттай нийт гурван салбарт кодексийн хэрэгжилт дунджаар 14.1 хувиар өссөн. Хувьцаат компаниудын үнэлгээ 17.1 хувийн ахиц дэвшлийг үзүүллээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь нэг талаас, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжийн хэрэгжилтийг баталгаажуулах, ахиулах нөгөө талаас зохицуулалттай этгээд комплайнсын эрсдэлээ өөрөө үнэлж, удирдах байгууллагын соёлыг нутагшуулахад чухал ач холбогдолтой” гэв.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт зохицуулалтай этгээд, мэргэжлийн холбоод, судлаачдаас бүрдсэн 150 гаруй төлөөлөл оролцжээ. Тэд “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ, комплайнсын эрсдэлийн үнэлгээний аргачлал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилж өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл ба боломжууд, амьдралд хэрэгжсэн сайн туршлагын талаар мэдээлэл өгч, цаашдын чиг хандлагыг хамтран хэлэлцэж тодорхойлов.

Улмаар компанийн засаглалын зохицуулалтын орчин, ялангуяа кодекс болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг манай орны туршлага, бусад орны сайн жишигт нийцүүлэн тогтмол боловсронгуй болгох зорилгоор тулгарч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үр дүнтэй, шийдэл, гарц бүхий хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах санал гаргасныг нийт оролцогчид дэмжсэн байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ