“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, БЭТ томилжээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийг сунгаж, шинээр бүрэн эрхт төлөөлөгч томиллоо. Засгийн газраас өнгөрсөн жил бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэр гаргасан бол 2023 онд энэ төлөөлөгчийг 6 сарын хугацаагаар сунгаж ажиллуулахаар болсон. Ингээд эхний бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дуусгавар болсон тул дахин томилж байна. Өнгөрсөн хугацаанд тус компанийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, асуудлыг цэгцэлсэн. "ЭТТ" ХК нүүрсээ биржээр тогтмол борлуулж байна. Мөн компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

БЭТ томилсноос хойш 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тонн нүүрс борлуулсан. Монгол Улсын хэмжээнд экспортын нүүрсний хэмжээ 62 сая тоннд хүрсэн. Энэ оны гүйцэтгэлээр 65 саяас дээш тонн нүүрс гаргахаар байгаа.

Үүнээс гадна цэргийн ангиудад шалгалт хийх ажил явагдаж байгаа. Цэргийн амьдрах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, илүү чадварлаг цэргийн байгууллагатай болох зэрэг олон нийтээс тавьж буй шаардлагатай Засгийн газар санал нэг байна.

Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай учир цэрэг, арми, хилийн аюулгүй байдлын асуудалд илүү анхаарал хандуулж, байх шаардлагатай төсвийг хангалттай суулгаж чадаагүй нь өнөөдрийн дүр зургийг бий болгож байгаа гэдэгтээ бид санал нэгдэж, анхаарч ажиллах ёстой. Ямар учир шалтгаанаас болж нөхцөл байдал үүссэнийг эцэслэн тогтоогоогүйгээр Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох асуудлыг ярихад эрт гэж ойлгож болно. Сайдаас шууд хамаарсан алдаа дутагдал мөн, үгүйг харгалзан үзэхгүйгээр улс төрийн хариуцлага тооцдог асуудал олон байсан. Цаашид уг асуудлыг аль ч түвшинд бодолцохгүй бол төрийн тогтворгүй байдал алдагдах аюул ирж байна. Олон нийтийн шүүмжлэлийг бид хүлээж авч байх ёстой, гэхдээ бодитоор хандах зарчмыг баримтална" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ