Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дудндаж нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24...-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24°C хүйтэн байдаг. Сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян–Өлгий, Ховдын баруун хэсгээр 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм цас ордог аж.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завханы нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтайн ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр цас орж, агаарын температур олон жилийн дунджаас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоног ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Хөвсгөлийн баруун өмнөд хэсэг болон Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэг болон хоёрдугаар арав хоног ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2–4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн зүүн хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн байх боловч хоёрдугаар арав хоногт харьцангуй тунадас багатай дулаахан байна. Харин гуравдугаар арав хоногт олон жилийн дунджаас 2–5°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн нутгаар дундажийн орчим, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол, хур тунадас Дундговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч гуравдугаар арав хоногтолон жилийн дунджаас 2–4°С-аар хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ