Яармагийн 300 ортой эмнэлэгт цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байна

“Яармагийн 300 ортой эмнэлэгт сувилагч өчигдөр /2023.11.23/ орой 0-2 насны 17 хүүхдэд оройны цагийн тариаг нь андуурч хийжээ” гэсэн мэдээлэл өнөөдөр мэдээллийн сайтуудад гарсан.

 Эх сурвалжийн мэдээлснээр, тус эмнэлэгт яг одоо цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон байна. Өчигдөр буюу /2023.11.23/-ны оройн 22.00 цагийн тариа хийх үеэр тус асуудал болсон байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний 09 цаг 11 минутад иргэнээс “Хан-Уул дүүргийн Яармагт байдаг Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд нялх хүүхдэд өөр тариа хийсэн байж магадгүй” гэх мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед зарим сайт энэ талаар мэдээлэл нийтэлж байх тул үнэн зөв, эх сурвалж бүхий албаны мэдээллийг үндэслэж байхыг зөвлөж байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ