Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Нийслэлийн зуслангийн бүс болон Налайхад цас шуурч байгаа боловч замын зорчих хэсэг хэвийн байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх үүднээс гудамж, замд давс, бодис давс цацаж байгааг Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр 07:30 цагийн байдлаар Улаанбаатар хотод -15 градусын хүйтэн байлаа, өдөртөө энэ градусаа хадгалан -13...-15 градусын хүйтэн байх юм байна.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхаарууллаа. Иймд малчид, иргэд, тээвэрчид дулаан хувцаслах, хол, ойрын замд гарахдаа автомашины бэлтгэл, бэлэн байдлыг хангах, малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.
Өчигдөр Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад цас орж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр 7-12 м/с, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай аймгийн нутгаар 3-8 м/с хүртэл салхитай байжээ.
"Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн төвөөс Дундговь хүртэлх чиглэлийн замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд өнөөдөр 09:00 цагаас нээнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ