"Ч.Сайханбилэгийг авчрахаар АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын хүмүүстэй өчигдөр уулзсан"
Засгийн газраас авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр “Шувуу” ажиллагааг эхлүүлээд байна.
Интерполоор нийт 34 хүнийг эрэн хайж байгаа бөгөөд үүнээс 10 хүнийг эх оронд нь авчирсан бол, 19-ийг нь хайж буй юм байна. Бусдыг нь нөлөөллийн аргаар авчирсан байна. Эрэн хайж буй 19 хүн дотор, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар бий.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулах үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх санааг нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүй гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлэсэн.
Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр ард түмэн нь, хууль хяналтын байгууллага нь, төр нь авчрах гээд ажиллаж байгаа. Манай яам өчигдөрхөн АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзаад явж байна” гэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ажиллагаанд ажиллаж буй хуулийн байгууллагын ажилтан "Шувуунууд өнгөтэй, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байна. Байршлаа байнга сольж, нэг орноос нөгөө орон руу зорчиж байна" хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ