“Талын түмэн адуу” фестиваль эхэллээ

 Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагаа ес дэх жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус фестиваль нь морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ удаагийн “Талын түмэн адуу”-ны баярт 3000 орчим хүлэг оролцуулж байгаа бөгөөд адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, шургуу тэмцээн, урлагийн тоглолт, сайхан морьтон хос, нийтийн бүжиг, эмнэг булгиа, удамт монгол жагсаал зэргийг зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ.

“Талын түмэн адуу”-ны баяраар монголчууд хүлэг морьдынхоо өнгө зүс, ид хавыг гайхуулж морьтон эрчүүдийн “Удамт монгол” морин жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ нь дотоодын жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилготой ажээ.

Адууны баярт оролцохоор ирсэн жуулчид өнөөдөр хөтөлбөрийн дагуу “Тэнгэрийн андгай” цогцолбор, музейтэй танилцаж, “Сүлдэнд мөнхөрсөн хүлэг” дуу дуулаачдын тэмцээн үзэхээс гадна үдэш нь нийтийн бүжигт оролцоно. Түүнчлэн Бэрх тосгонд шинээр барьсан далд уурхайн музей үзэх аж. Тэгвэл албан ёсны нээлт маргааш 11:00 цаг эхэлнэ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ