Д.Манлайбаатар: Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн хоёр алба хаагчийг шалгаж байгаа

ЦЕГ-аас цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, алба хаагч энэ хэрэгт холбогдсон гэх мэдээллийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар  "ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг Т гэгч алба хаагчийг мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт холбогдуулан өчигдөр зарим сайт нэр, зурагтай нь зарласан.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад манай алба хаагчийн нэр дурдагдаж, холбогдсон. Бид нөхцөл байдлыг хуулийн хүрээнд үнэлж үзээд Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.

Цагдаагийн алба хаагч Т нь одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг нь тухайн этгээдийн гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох, шалгах ажиллагаа. Иймд эцэслэн шийдвэрлэгдээгүй.

Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагч, иргэн эсвэл хэн нэгэн ээж, аавын хүүхдийн ард нийгмийн харилцаанд орох бүх эрх нь байгаа.

Хоёр дахь асуудал нь цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан.

Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад ахмад алба хаагчийн нэр дурдагдсан. Бусдын нөлөөлөлд автаж, шан харамж авсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учраас хуулийн харьяаллаар АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн.

Хэрэв цагдаагийн алба хаагчид хууль бус, ёс зүйн алдаатай үйлдвэл хийвэл бүх шатанд тэмцэнэ. Үүнийг хаацайлж, хамгаалах ямар ч боломж байхгүй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ