Лхаарамба Д.Жавзандоржийг тэргүүн хамбад залах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцоно

Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, Монголын сүсэгтэн олон 31 жилийн дараа дараагийн тэргүүн хамбаа залах гэж байна.

Лхаарамба Д.Жавзандоржийг Тэргүүн хамбын ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн 5-ны өлзий билэгт өдөр болно.  Эл хүндэтгэлийн арга хэмжээг Төв-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Тэргүүн хамбыг ширээнд нь залах ёслол арваннэгдүгээр сарын 18-ны өглөө 08.00 цагт монгол түмний их шүтээн Очирдарь бурханд мөргөж цогчин хурал хурснаар эхэлж, Тэргүүн хамба ламыг залах ёслолоор үргэлжлэх бөгөөд 14.00 цагаас бурхны шашны лам хуврагууд болон сүсэгтэн олон Тэргүүн хамбад хадаг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Монголын бурхан шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн 30 дахь тэргүүн их хамба, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд сүсэгтэн олон, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцож, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд зааснаар төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх үндсэн зарчимтай билээ.

Ийнхүү 31 жилийн дараа залах тэргүүн хамба Д.Жавзандорж нь Монгол Улсаас анхны лхаарамба цолыг хамгаалсан хүн бөгөөд олноо “Монгол багш” хэмээн танигдсан билээ. Тэрээр Бурхан багшийн үндсэн айлдвар сургаал болох судар тарнийн ёсонд мэргэжсэн, сахил санваар төгөлдөр нэгэн юм.

Лхаарамба Д.Жавзандорж Бурхан шашны их сургуулийн багшийн алба хашиж байгаа бөгөөд нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сумади Гирди НҮТББ-ыг тэргүүлж, соён гэгээрүүлэх үйлсэд бие, хэл, сэтгэлийн үйлээ зориулж буй нэгэн юм.

Лхаарамба Д.Жавзандорж шашин нь төрөө дээдэлж, язгуур чанараа эрхэмлэн оюун санааны тусгаар тогтнолоо сахин хамгаалах ариун үйлсэд Монголын бурхны шашныг залж чиглүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Бодь сэтгэл (202.9.46.47)
    МОНГОЛД БУДДЫН ШАШИН БАЙХГҮЙ ШҮҮ! ХАРИН БУУРАН МӨХӨЖ БУЙ БАЛАЙ ТӨВӨДИЙН БУЛАЙ СУРТАЛТ ҮХЛЭЭР БАЯЖИЖ, ӨВЧНӨӨР ЗООЛОГЧ ХУВАЛЗ ЛАМ НАРЫН ХАР БИЗНЕС Л БАЙГАА. МОНГОЛЫН СҮМ ХИЙДҮҮД НЬ "БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГТ" ТОДОРХОЙЛСОН: Алимад алин нэгэн замаар Орчлонгийн амгалан төдийг Өөрийн тусад чухалчлагч ДООД ТӨРӨЛТӨН БУЮУ АДГИЙН ШААРУУДААР ДҮҮРСЭН. "Өөрийн үндсэн дэх зовлонгоор Аль нэгэн бусдын зовлон бүхнийг Үнэхээр барахыг бүхнээс хүсдэг ДЭЭД ТӨРӨЛТӨН Монголд нэгээхэн ч үгүй!
    2023 оны 11 сарын 16 | Хариулах