Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэлэлцүүлгийг маргааш хийнэ

 НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүлээд байгаа.

 

Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо хуралдсан юм. Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдэхэд зарцуулахаар төлөвлөөд байгаа. 

 

Төсвийн тодотголтой холбоотой төлөөлөгч С.Эрдэнэбаярын Налайх, Багануур дүүрэг дэх үйлдвэр технологийн паркуудтай холбоотой зардал төсвийн тодотголд туссан эсэхийг асуухад, нийслэлийн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Б.Гантулга “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зураг төсөлд 853 сая төгрөг тавьсан. Үүнд үйлдвэр технологийн паркууд ороогүй. Харин Налайх, Багануур дүүргийн барилгын материалын үйлдвэр технологийн паркт Налайхад 7 тэрбум, Багануур дүүрэгт 800 сая төгрөг төсөвлөсөн. Эдгээр паркууд ашиглалтад орсноор 100 айлын барилгын материалын төвийг нүүлгэн шилжүүлж, замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой” гэлээ.

 

Төлөөлөгч Л.Ариунтуяа өнгөрсөн онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороог гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбон, дахин төлөвлөлтийн зураг төсөл ТЭЗҮ-г хийсэн. Гэвч уг байршилд дахин зураг төсөл хийнэ гэсэн нь НОСК, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар хоорондоо уялдаа холбоогүй ажиллаж байгааг дурдаад, хамтын ажиллагаагаа сайжруулахыг сануулав.

 

Төлөөлөгч Ц.Раднаабазар, Б.Мөнхцэцэг нар автозам арчилгааны төсвийн хүрэлцээ, хангамжийн талаар хөндсөн бол, төлөөлөгч Т.Отгонболд боловсролын салбарт тусгасан төсвийг танахын эсрэг байр сууриа илэрхийллээ. Харин төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар СХД-ийн “Залуус” хороололд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэх санал хэлсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ