Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг баривчилж, жийп машинуудыг ХУРААН АВЧЭЭ

Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд “Pokerrr” аппликэйшний “Найзууд” нэртэй клуб нээн 2022 оноос хойш мөрийтэй тоглоом зохион байгуулсан “П” нарын 3 этгээдийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэй этгээдүүдээс хууль бусаар олсон орлогоороо худалдан авсан байж болзошгүй “Toyota Land Cruser 300”, “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн, түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийг давхар агуулж байна.

Иймд үүнийг сонирхогч иргэн Та хууль бус мөрийтэй тоглоомоос татгалзах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар, ЭЦА-ны 262425 дугаарын утсанд цаг алдалгүй мэдээлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд хамтран ажиллаж, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ