Ц.Сандаг-Очир: Согтуугаар машин жолоодвол эхний удаад "зөөлөн", хоёр дахь удаад хорих ялаар шийтгэнэ
УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийн заалтуудыг дэмжсэн талаараа мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байгаа. Уг хуулийн төсөлд авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулах буюу хугацаанаас нь өмнө суллахгүй.
Бага насны хүүхдийг хүчиндэх болон хөнөөх гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байх заалтыг бүлэг дэмжлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах асуудлыг хуулийн төсөлд оруулсан байсан. Бүлгийн хурлаар уг заалтыг хасаж, одоогийн мөрдөгдөж байгаа хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийг дамжуулж, задруулж байгаа эрх бүхий субъектэд хамаатай заалт болохоос мэдээллийг олж авч байгаа сэтгүүлч, хуулийн этгээдэд хамаарахгүй учир одоогийн хуулиараа явах нь зүйтэй гэж үзлээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эрүүгийн хуулиар хорих ял оноох хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгээс эхний удаа Зөрчлийн хуулийн дагуу шууд хорихгүйгээр эрх хасах, торгох, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авна. Хоёр дахь удаагаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргавал хорих ялаар шийтгэх зарчмын өөрчлөлтийг дэмжлээ" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД