Байгууллагын гадаа гэмтвэл ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ нэхэмжлэх эрхтэй
Аж ахуй нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод, сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн орчны 50 метрийн нийтийн эдэлбэр газрын цас, мөсийг цэвэрлэн, халтиргаа гулгаанаас сэргийлэх үүрэгтэй байдаг.
Тодруулбал, Хог хаягдлын тухай хуулийн
9.4.12-т Нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох,
10.2.10-т Энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх ёстой гэж заасан байдаг.
Тиймээс Хог хаягдлын тухай хууль болон "Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам"-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг гэсэн үг.
Хариуцсан 50 метр газрынхаа цас, мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцах зохицуулалттайг анхаарна уу!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД