"Эрдэнэт үйлдвэр"-ийн данснаас эзэн, зорилго нь тодорхойгүй 1.26 тэрбум төгрөг гарчээ

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан төрийн өмчит зарим томоохон компаниудын энэ оны төсөв, санхүүгийн гүйцэтгэл, Шилэн дансны хөтлөлтөд дүн шинжилгээ хийж, цувралаар хүргэж байна.

Энэ удаа Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын санхүүгийн гүйцэтгэл, аудитын хэрэгжилт болон шилэн дансанд мэдээлсэн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээний хөтлөлтөд дүн шинжилгээ хийлээ.  

Эрдэнэт үйлдвэр 2023 оны II улиралд 2.07 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 548.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2023 оны II улиралд 2.07 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Үйлдвэрийн борлуулалтын зардалд 466.4 тэрбум, ерөнхий ба удирдлагын зардалд 67.4 тэрбум, санхүүгийн зардалд 13.8 тэрбум, бусад зардалд 56.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Орлогын татварт 191.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, татварын дараах ашиг 548.1 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Үйлдвэр 2022 оны эцсийн байдлаар 2.69 их наяд төгрөгийн мөнгөн зарлага хийсэн бол 2023 оны хагас жилийн байдлаар 1.65 их наяд төгрөгийн мөнгөн зарлага гаргасан байна. 2022 оны эцсийн байдлаар бусад мөнгөн зардалд 37.1 тэрбум төгрөг тайлагнасан бол 2023 оны II улирлын байдлаар буюу хагас жилийн дүн 61.4 тэрбум төгрөг болж өмнөх оны эцэстэй харьцуулахад 39.6 хувиар өссөн нь анхаарал татлаа.

 

2022 оны аудитын шалтгалтаар 18 зөрчил илрүүлснээс зарим нь арилаагүй хэвээр байна

Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалтгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах 18 зөвлөмжийг өгсөн. Аудитын зөвлөмжийн хэрэгжилт 2023 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 81.4 хувийн биелэлттэй байна.

Эрдэнэт үйлдвэрийн данснаас 2023 онд хэнд, ямар зорилгоор шилжүүлсэн нь тодорхойгүй 1.26 тэрбум төгрөг гарчээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2023 онд нийт 2401 удаагийн гүйлгээгээр 2.58 их наяд төгрөгийн мөнгөн зарлага хийжээ.

Гэвч 202 удаагийн гүйлгээгээр хийсэн 2.4 тэрбум төгрөгийн зарлагын тайлбарыг шилэн дансанд мэдээлэхдээ “Батлагдсан төсвийн дагуу”, “Батлагдсан төсвийн дагуу санхүүжилт”, “Батлагдсан төсвийн дагуу үйл ажиллагааны зардалд” гэх зэргээр мэдээлсэн буюу тухайн зардлууд юунд зарцуулагдсаныг тодорхой мэдэх боломжгүй байна.

Түүнчлэн “Батлагдсан төсвийн дагуу” гэж мэдээлсэн зарлагын мэдээлэл дотор 121 удаагийн гүйлгээгээр хийсэн 1.26 тэрбум төгрөг шилжүүлсэн мэдээлэлд харилцагчийн мэдээллийг “Бүртгэлийн дугаараар” гэж мэдээлсэн буюу ямар аж ахуй нэгж, иргэнд тухайн мөнгийг шилжүүлсэн нь тодорхойгүй. Ямар зорилготой, хэнд шилжүүлсэн нь тодорхойгүй 1.26 тэрбум төгрөгийн энэхүү шилжүүлгээс 651.6 сая төгрөг нь гадаад болон дотоод томилолтын зардал байна.

Төрийн өмчит томоохон компаниуд шилэн дансны мэдээллийг хөтлөхдөө мөнгөн гүйлгээний орлого, зарлагын мэдээллийг бүрэн бус хөтөлдөг, ойлгомжгүй нэршил тэмдэглэгээ ашигладаг, гүйлгээний баримтыг хавсаргадаггүй гэх зэргээр санхүүгийн ил тод байдлыг хангах ажлыг нэр төдий хийдэг үзэгдэл байсаар ирсэн. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тухайд эзэн, хаяг, зорилго тодорхойгүй 1.26 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байгаа нь ардаа ямар нэгэн албан тушаалтны эрх ашиг, хамаарал бүхий компани, иргэнд энэ мөнгө очсон уу гэх хардлагыг бий болгож байна.

Эх сурвалж:Itoim.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (192.82.66.30)
    Шилэн дансны тухай хуулиар Адитын газраас хийсэн шалгалтынтайланг тухайн байгууллага сайтдаа оруулсан байх ёстой. Эзэнгүй шилжүүлэг гэж байхгүй ээ
    2024 оны 02 сарын 19 | Хариулах