С.Бямбацогт: ОХУ, БНХАУ-Ыг Холбосон Найман Сүлжээ Замтай Болно
Энэ сарын 6-10-ны өдрүүдэд “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан анх удаа зохион байгуулах гэж байна. Олон улсын форумын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
-“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумын ач холбогдлын талаар яриагаа эхэлье ?
-Зам тээврийн салбар ямар чухал ач холбогдолтой салбар болохыг цар тахлаас өмнө хүмүүс тэр бүр мэддэггүй байсан. Үүний үр дүнд Монгол Улсын төр засаг тээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн. Шинэ сэргэлтийн хүрээнд боомтын сэргэлтийн асуудлыг тусгасан. Монгол Улс газар зүйн байршлын хувьд давуу байдаг нь ч тодорхой болсон.
Бид эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүн борлуулах учиртай. Үүний тулд уул уурхайн бүтээгдэхүүнийг ахиу тээвэрлэх ёстой гэх бодлого барьж эхэлснээр Монгол Улсын зам тээврийн салбарт томоохон сэргэлт бий болж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын зам тээврийн салбарт томоохон сэргэлт бий болж байгаа. Үүнийг улсын бус бүс нутгийн хэмжээнд харах зорилгоор “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна. Газар зүйн байршлынхаа давуу байдлыг ашиглаж, үүнийгээ олон улсад мэдээлэх агуулгаар НҮБ-ийн эдийн засаг, нийгмийн комисс, олон улсын тээврийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Автозам, төмөр зам, агаарын тээврийн асуудлыг хэлэлцээд зогсохгүй олон улсын тээврийн байгууллагын уулзалт болно.
-Бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын авто тээврийн салбарын оролцоо ямар байна гэж харж байгаа вэ?
-Шинэ сэргэлтийн бодлого дотор зам тээврийн салбар чухал байр суурь эзэлж байна. Зөвхөн өнгөрсөн онд 20 гаруй улстай авто тээврийн хэлэлцээ хийсэн. Үүний хамгийн чухал нь БНХАУ-тай хийсэн хэлэлцээ. Тус улсын нутаг дэвсгэр дээр монгол тээвэрчид тээвэр хийх боломжтой болсон. Мөн хятадын нутаг дэвгэрээр дамжаад, гуравдагч улс руу тээвэр хийх боломжтой боллоо. Түүнчлэн энэ жил өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 дахин их буюу 59 сая тонн ачаа тээвэрлэсэн.
2022 онд 20 гаран сая тонн ачаа тээвэрлэсэн. Төмөр замын тээвэр ч 30 гаруй хувиар нэмэгдсэн. Агаарын тээврийн салбарт бид 1.5 сая орчим зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн оныхоос 50 хувь нэмэгдсэн үзүүлэлт. Агаарын тээврийн тасалбарын үнэ хоёр дахин хямдарсан. МИАТ компани орон нутгийн нислэгээ сэргээлээ. Олон улсын нислэг дээр нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж, нислэгийн тоо нэмэгдлээ. Долоо хоногт 80 орчим нислэг үйлдэх бололцоотой болсон. Эдгээрээс гадна, Эрээн-Улаанбаатар хоорондох тээврийн тариф 10 дахин буурсан.
-Та автозамын боомт, төмөр замын коридор байгуулах тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулж байсан. Үүний ач холбогдлыг дэлгэрүүлэхгүй юу?
-Монгол Улс хоёр хөрштэй. Үүнийг өмнө нь сул тал гэж хардаг байсан. Үнэн хэрэгтээ газар зүйн байршлын хувьд давуу талтай. ОХУ, БНХАУ-ын хооронд эдийн засгийн харилцаа өргөжиж байна. Монгол Улсаар дамжиж тээвэр хийх боломжтой. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд бид ганцхан төмөр замтай байсан. Ойрын үед гурван төмөр замтай болох зорилт дэвшүүлэн ажиллуулж байна. Мөн Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлд автозамаар холбогддог байсан.
Өнгөрсөн жил бид баруун бүстэй Цагаан нуур, Ховд гээд холбогдсон. Үүгээр БНХАУ-ОХУ-ын чиглэлд 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл ачаа бараа тээвэрлэж байна. Үүнтэй адил 5 коридортой болгож нэмнэ. Гуравдахь коридор Арц сууриас Завхан аймгийн улиастай, Говь-Алтай аймгийн Алтай хот цаашаа Бургастайн боомтоор нээнэ. Харин дөрөвдөхийг нь Бага илэнх боомтоор Шивээ хүрэнгээс холбоно. Зүүн талдаа Эрээнцав, Бичигт чиглэлд коридор хийнэ.
Ийнхүү ОХУ, БНХАУ-ыг холбосон найман сүлжээ замтай болохоор ажиллаж байна. Үүнээс гадна, БНХАУ-руу ганц төмөр замын гарцтай байсан бол тав болгох зорилт дэвшүүлэн ажиллуулж байна. Шивээхүрэн Сэхээ боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 10-12 дугаар сард ашиглалтад орно. Гашуун сухайт Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ-г хийж дууссан. Ирэх онд ажил эхэлнэ. Ханги мандалын төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт орох юм бол богино хугацаанд холбогдох боломжтой.
Зүүн талдаа Бичигт, Зүүн хатавч чиглэлийн төмөр замын холболтын хийж эхэлнэ. Ингэснээр БНХАУ-тай 5 төмөр замаар тээвэр хийнэ. Улмаар 200 сая тонн ачаа тээх боломжтой болно. Үүнээс гадна, манай улс далайд ганцхан Тянжин боомтоор л гарч байна. Энэ боомтоор ачаа барааны 80 хувь орж ирдэг. Маш их хүлээгддэг. Цаг хугацаа алддаг. Тиймээс таван боомтоор далайд гарцтай болох зорилго дэвшүүлж байна. БНХАУ-аар гурав, Иранаар нэг, Пакистанаар нэг боомтоор далайд гарах гарцтай болно.
-Төмөр зам барихаар гадна хил холболтын төмөр замын ажлууд хэрхэж байгаа вэ?
-Хил холболтын төмөр замын тухайд, Шивээхүрэн Сэхээ боомтын төмөр замын холболтын асуудлыг бүрэн шийдсэн. Ирэх оны эхний хагас жилд БНХАУ-тай хоёр дахь төмөр замаа бүрэн холбох боломжтой болно. China energy компанитай хамтраад, Ганцмод, Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа холбоно. Энэ бол олон асуудалтай, мухардсан байсан. Түгжээг нь тайлсан. 2025 онд гэхэд жилд 50 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой төмөр замаар БНХАУ-тай холбогдоно. Ханги мандалын төмөр зам маш богино хугацаанд ашиглалтад орох бололцоотой. Энэ төмөр замаар хоёр хөршөөс ирж байгаа транзит ачааг тээвэрлэх боломжтой. Мөн энэ замаар нийслэл рүү ачаа тээвэрлэх боломжтой болно. Цаашид Сайншанд Бичигт чиглэлийн хөндлөн төмөр зам барих учиртай. Ингэснээр далайн боомтоос нийслэл рүү тээвэр хийх бололцоотой болно.
-Монголын тээврийн салбар бүс нутгийн хэмжээнд “тоглох” ямар бололцоотой байгааг хөрөнгө оруулагчдад зориулж танилцуулахгүй юу?
-Бид томоохон бодлого, зорилт дэвшүүлж байна. Асуудлыг цогцоор нь харсан. Зөвхөн аймаг, сумдыг хатуу хучилттай замаар холбохыг бус олон улсын түвшинд асуудлыг анхаарсан. Үүнийгээ олон улсын тээврийн форумаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Энэ боломжид та оролцож, үр өгөөжөөс нь хүртээрэй гэх саналыг тавьж байгаа юм. Томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө санхүү хэрэгтэй. Тиймээс томоохон концессын тендер зарлаж байгаа.
Тухайлбал, “Туулын авто зам” гэх концессын тендер зарласан. Баян зүрх товчооноос 22-ын товчоо хүртэл, туул гол дагуу 35 км, дөрвөн эгнээ хурдны зам барина. Нисэхийг хурдны замыг дүүжин гүүр барьж, туулынхаа замтай холбоно. Энэ концессын тендерт оролцох саналыг тавьж байгаа.
Түүнчлэн Замын-Үүдээс Налайх хүртэл өөрийн хөрөнгөөр зам тавьж, тээврээс нь орлого олох боломжтой байгаа саналыг тавьж байгаа. Мөн Монгол Улсын баруун, зүүн, өмнөд, хойд бүс нутгуудад онгоцны буудал барих ажлуудад оролцох концессын тендер зарласан. Нийслэлээр дамжихгүйгээр олон улсын нислэг үйлдэх бололцоо бий болгох зорилгоор дөрвөн нисэх буудал барих төсөл зарласан. Тус удахгүй хөндлөн төмөр замын концессын тендер зарлана. Мөн Дархан-Алтанбулаг чиглэлд дөрвөн эгнээ барих санал тавина. Энэ төслийг олон улсын форумын үеэр таниулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ