Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малаа алдсан 1460 малчин өрхөд 781 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ

Өнгөрсөн өвөл, хаврын байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Сүхбаатар аймгийн хэмжээнд 400 гаруй мянган толгой мал хорогдож, малчид их хэмжээний хохирол амссан байдаг. Үүнтэй холбоотойгоор малын индексжүүлсэн даатгалын ажлын баг Сүхбаатар аймагт ажиллаж, 1460 малчин өрхөд 781 сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна.

Энэ талаар Сүхбаатар аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир “Нийт хорогдсон малын дийлэнхийг бод мал эзэлж байгаа. Нөхөх олговрын тухайд малын хорогдлын хувьд хүрсэн малчид авсан. Ер нь манай малчид аймаг, улсын аварга малчинд өрсөлдөхийн тулд эсвэл банкны зээл авахын тулд малаа даатгуулдаг. Уг нь мал бол миний хөрөнгө гэдгээ ухамсарлаад их бага гэхгүй зорьж даатгуулах нь чухал. МИД байх хэрэгтэй, хэрэггүй гээд олон талаас нь хардаг. Гэхдээ энэ зайлшгүй байх ёстой зүйл. Гагцхүү хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгож, хөрсөн дээрээ буудаг, эргээд малчдадаа үр ашигтай байх л шаардлагатай. УИХ-аас ч энэ тал дээр анхаарч холбогдох ажлын баг, хуулийн багийнхан ажиллаж байгаад таатай бас хүлээцтэй байгаа. Мэдээж холбогдох санал хүсэлтээ илгээсэн” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ