Дэлхийн шинэ бүтээлийн нээлтийн шагналт, эмч Б.Өлзийхишиг: Монголд хиймэл оюун ухаанаар мэргэшиж байгаа анхны эмч нь би
"Өргөө" амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч, АНУ-ын "Bloom team" багийн хүүхдийн зүрхний эмч Б.Өлзийхишигтэй ярилцлаа. Олон улсад хүүхдийн зүрхний эмчээр ажиллах эрхтэй энэ бүсгүй дэлхийн шинэ бүтээлийн нээлтийн шагналт эмч буюу Eve Global Innovation Awarded-doctor юм. "Өргөө" амаржих газар 12 дахь жилдээ нярайн эмч, хүүхдийн зүрхний эмчээр ажиллаж буй тэрээр АНУ, Тайвань, БНСУ, Франц, БНХАУ-д мэргэжил дээшлүүлсэн, анагаах ухааны докторант, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч аж.
-Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээж авсанд баярлалаа. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр АНУ-д болсон Дэлхийн конгрессэд илтгэл тавьсан талаар чинь ярилцлагаа эхлэх үү?
-Баярлалаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотод өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр болсон найм дахь удаагийн Дэлхийн конгрессэд хоёр илтгэлээр оролцлоо. Нэг нь хийж буй судалгаа маань дэлхийд анхдагчуудын нэг учир хиймэл оюун ухаанд суурилсан эхогоор зүрхний гажгийг хэрхэн илрүүлэх талаар байсан. Энэ илтгэлээ хэсгийнхээ хуралдаанд танилцуулсан. Манай салбар хуралдаанд 41 орны 97 эмч суусан юм. Нөгөө нь зүрхний төрөлхийн гажгийн эрт илрүүлгийн талаар цуглуулсан орон орны дата дээр ажилласан судалгаа байлаа.
-Дэлхийн конгрессэд оролцох эмч нарыг, хэлэлцэх илтгэлүүдийг яаж сонгодог юм бол?
-Конгресс болох хугацаанаас хагас жил буюу зургаан сарын өмнөөс бүртгэл нь эхэлдэг юм билээ. Ер нь бүх эмчид Дэлхийн конгрессын үүд хаалга нээлттэй. Гол нь англи хэлтэй байх хэрэгтэй. Бас судалгаа, клиник сэтгэлгээтэй байвал илүү олон хэлэлцүүлэгт оролцоно. Үүний хэрээр маш том боломжууд нээгддэг. Жишээ нь,Children's National эмнэлгийн профессорын удирдсан хуралдаанд миний тавьсан асуулт чухалд тооцогдсон учраас тус эмнэлгийн үйл ажиллагаатай бүтэн нэг өдрийн турш танилцаж, цаашид хамтрах боломжуудыг удирдлагуудын түвшинд ярилцсан юм. Бэлдсэн илтгэлээ англи хэл дээр болгоод л Дэлхийн конгрессын зохион байгуулах комисс руу илгээнэ. Тэд сайтар судалж шалгасны эцэст шалгуур хангасан илтгэлүүдийг аман болон ханын гэж хоёр ангилаад, шаардлагатай нэмэлт засваруудыг хийлгээд авна.
-Дэлхийн конгрессэд Монголоос та ганцаараа оролцдог уу? Хэд дэхээ оролцов?
-Анх удаагаа л оролцлоо. Техасын хүүхдийн эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сард ажиллаж байхад Дэлхийн конгрессын зохион байгуулагчдын тавьсан саналыг хүлээж авсан юм. Тэгээд л оролцсон доо. -Ямар ямар сэдвээр хуралддаг юм бол? -Сэдэв нь маш өргөн. Хүүхдийн бүх л сэдэв яригддаг учир нь зүрх бидний гол мотор шүү дээ. Оролцогч болгон хурлын аппликейшн татаж аваад л хаана ямар хуралд суухаа харчихна. 07:30-12:00 цаг хүртэлх өглөөний хурлуудыг гэхэд л 24 танхимд нэгэн зэрэг зохион байгуулдаг юм билээ. Тэдгээр хурлаас хүссэн сэдвээ сонгоод л сууна даа. Энэ жилийн сэдвүүд нярай руу маш гүн гүнзгий чиглэсэн байсан. Бас ургийн зүрхнээс эхлээд зүрхний төрөлхийн гажигтай төрсөн насанд хүрэгчид хүртэл маш өргөн агуулгатай байлаа.
-Та АНУ-ын "Bloom team" багийн эмч байх аа. Багийнхаа талаар яриач...
-Тийм ээ, би "Bloom team" багийн эмч. Энэ багт найман орны 12 эмч, эрдэмтэн багтдаг. Америкээс гадна Монгол, Орос, Солонгос, Англи, Хятад, Мексик, Боливи улсын эмч нар, эрдэмтэд нэгэн баг болж ажиллаж байгаа. "Bloom team"-д ажиллаж буй эмч нар өнгөрсөн хоёрдугаар сард Техасын хүүхдийн эмнэлэгт хоёр шатны шалгалт өгч тэнцсэн. Техас муж дахь TMCI Innovation center-т байрладаг энэ багт Оросын эрдэмтдээс авахуулаад НАСА-гийн агаарын зайн инженер хүртэл бий.
-Та бас "Өргөө" амаржих газрын нярайн тасгийн эрхлэгч. Гадаад, дотоод дахь ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Би 2012 оноос одоог хүртэл 12 жил "Өргөө" амаржих газартаа тасралтгүй ажиллаж байгаа. Нярайн эмч, хүүхдийн зүрхний эмчээр ажиллаж байгаад тасгийн эрхлэгчээр томилогдоод удаагүй.
-Та энд тэнд уригдаж, мэс засал хийдэг үү?
-Үгүй ээ, би зүрхний мэс заслын эмч биш. Харин зүрхний төрөлхийн гажгийн эрт оношлогоо чиглэлээр түлхүү ажилладаг. Мөн зүрхний гажгийг төрсний дараа аль болох эрт оношлохыг хичээдэг. Тайвань улсад суралцахдаа катетрийн мэс засалд хэд хэдэн удаа оролцсон шүү. Гэхдээ оношлогооны зорилгоор.
-Монгол хүүхдүүдэд зүрх судасны өвчин хэр их тохиолддог вэ?
-Магистрын судалгааны ажлын үр дүнгээс харахад дэлхийн дунджаас жаахан илүү байсан юм. Би 2019 онд зүрхний гажгийн сэдвээр анагаахын шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалахдаа 3,000 нярайд судалгаа хийсэн. Докторын ажлынхаа судалгаанд 6,000 нярай хамруулж буй учир илүү нарийн тоо баримт гарч ирэх болов уу.
-Докторын ажлын чинь сэдэв үнэхээр сонирхол татаж байна...
-Тийм ээ, сонирхолтой сэдэв шүү. Би "Хиймэл оюун ухаанд суурилсан хэт авиан шинжилгээгээр нярайн зүрхний төрөлхийн гажгийг илрүүлэх нь" сэдвээр судалгаа хийж байгаа.
-Хаана хамгаалах вэ?
-Монголдоо, АШУҮИС-даа.
-Ер нь хиймэл оюун ухаан гэж юу вэ?
-Хиймэл оюун ухаан нь бүх салбарт төдийгүй хянах мониторт хүртэл суурилуулагдсан байна шүү дээ. Өвчтөнд гарч болох хүндрэлийг урьдчилан тооцоолоод, хяналтын мониторт Т3 гэдэг нэртэй мэдээлэл ирүүлнэ. Хиймэл оюун ухааныг АНУ-ын ихэнх эмнэлэг, өндөр хөгжилтэй бусад улс орны эмнэлэгт зүрхний сэхээний болон нярайн сэхээний тасагт суурилуулаад ашиглаж байгаа. Хүний гаргаж болох, тооцоолж болох алдааг багасгах зорилготой хэмжилт хийх боломжийг илүү нарийсгасан байна билээ. Бид хиймэл оюун ухааныг ашиглах хэмжээнд маш сайн, тун нарийн мэргэших хэрэгтэй. Үүнээс хоцрох, үлдэх боломжгүйг л мэдэж авлаа.
-Ингэхэд хиймэл оюун ухаан, хүүхдийн зүрхний төрөлхийн гажгаар мэргэшиж байгаа эмч Монголд олон биш биз дээ?
-Одоохондоо надаас өөр байхгүй ээ. Би хиймэл оюун ухаанаар Монголдоо анхдагч, хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлэх чиглэлээр ажилладаг хүүхдийн зүрхний мэргэшсэн эмч. Гэхдээ олон эмч гарч ирүүлэхийн төлөө хичээнэ дээ. Хиймэл оюун ухааныг яагаад сонирхох болов? -Анагаах ухааны салбарт хиймэл оюун ухаан хүчтэй түрж орж ирж байгаа. Хүүхдийн зүрхний салбарт дэлхийн таван оронд зэрэг хийгдэж буй. Монгол улс энэ таван орны нэг болж, дэлхийн хэмжээний судалгаа хөгжүүлж буйд маш их баяртай байна. Хиймэл оюун ухаан дээр суурилсан эхо чиглэлээр анх удаа судалгаа хийгдэж байгаа юм.
-Та дэлхийн шинэ бүтээлийн нээлтийн шагнал хүртсэн байх аа?
-Би 2019 онд АНУ-аас EVE Global Innovation award буюу Дэлхийн шинэ бүтээлийн нээлтийн шагнал авсан. Энэ шагналыг хөдөлгөөнд тэсвэртэй пулсоксиметрээр нярайн зүрхний гажгийг эрт илрүүлэх чиглэлээр хийсэн судалгааны ажилд минь олгосон юм.
-Та багшийнхаа талаар яриач...
-Зүрхний чиглэлийн багш маань Монгол улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, хүүхдийн зөвлөх зэрэгтэй эмч, "Зүрхний" Болормаа гэж Монгол даяар танигдсан гайхалтай чадварлаг эмч бий. Би анагаахын гуравдугаар курсийн оюутан байхаасаа л багшийнхаа удирдлаганд судалгааны анхны ажлаа хийж, анхны бүтээлээ хэвлүүлсэн. Үүнээс хойш хоногийн 24 цагийн ямар ч үед гар утас руу нь залгахад авч, шаардлага гарвал видео колл хийн, зүрхний гажгийг оношилж, эмчилж явна даа. Багш маань ЭХЭМҮТ-ийн дэд захирлын хариуцлагатай, завгүй алба хашдаг ч бяцхан зүрхний төлөө бол надад үргэлж зав чөлөө гаргадаг хүн. Би нярайн эмчээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа гэж ярьсан даа. Харин намайг нярайн эмч болгосон, одоо ч зааж, зөвлөж, сургасаар буй багш бол Монгол улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч Гэрэлмаа. Монгол улсад нярайн салбарыг үүсгэн байгуулсан Гэрэлмаа багшийг маань "Нярайн Гэрэлмаа" гэдгээр нь орон даяар мэддэг юм шүү дээ. Багш минь манай "Өргөө" амаржих газрын зөвлөх эмчээр ажилладаг. Харин би хүүхдийн зүрх, нярай судлал гэдэг хоёр өөр мэргэжлийг нэгтгээд, нярайн зүрхний эмч болчихсон. Ийм мундаг багш нарын үргэлжлэл болохоор оюутны ширээнээс хөтөлсөн тэднийхээ өмнө шантрах, зүгээр суух эрх надад байхгүй шүү дээ. Тэгээд ч би чинь энэ хоёр салбарыг нийлүүлсэн хоёр агуу багшийн бүтээгдэхүүн, шавь нь.
-Та оюутан байхдаа Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэж байв уу?
-Хүртэж байсан шүү. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг тус бүр нэг хүртсэн. Мөн Голомт банкны тэтгэлэгт оюутнаар дөрвөн удаа шалгарч байлаа. Хоёрдугаар курсээсээ дээрх тэтгэлгүүдийг авчээ. Нэг жил нь хоёр, бусдад нь нэг удаа тэтгэлэг хүртсэн юм.
-Хүүхдүүдийн тэр тусмаа нярайн зүрх өвчлөх шалтгаануудыг нэрлээч...
-Шалтгаан нь тодорхойгүй. Гэхдээ урьдал хүчин зүйлд генетикийн байдал, тератоген хүчин зүйл буюу архи, тамхи, ажлын хортой нөхцөл байдал, ургийн халдвар, эхийн жирэмсний сахар ихдэлт зэрэг нь зүрхний төрөлхийн гажиг үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Манай зүрхний мэс заслын хагалгаа сүүлийн жилүүдэд маш сайн хөгжиж байгаа. Энэ төрлийн хагалгааг гуравдугаар эмнэлэг, ЭХЭМҮТ дээр хийдэг.
-Танд гадаадын эмнэлгүүдээс ажлын санал ирдэг үү?
-Ажлын санал тавьдаг шүү, надад.
-Нууц биш бол заримаас нь хэлж болох уу? Та гадагшаа явах уу?
-Америкийн хоёр ч эмнэлэг судлаач эмчээр ажиллах санал тавиад удаагүй байна. Нэг нь өнгөрсөн долдугаар сард, нөгөө нь сая есдүгээр сард Дэлхийн конгресс дээр тавьсан. Миний хувьд чадлынхаа хэрээр эх орондоо хийж бүтээх зүйлээ хийж бүтээгээд, цаг нь болохоор гадагшаа явна даа.
-Та ямар ямар хэлтэй вэ?
-Англи, франц. -Танай удамд эмч бий юу? -Байхгүй ээ. Аав болон аавын талынхан бүгд цэргийн хүмүүс. Харин ээжийн тал цөмөөрөө багш нар. Би багын л эмч болохыг мөрөөддөг байв. Шүүх эмнэлгийн эмч болохыг хүсдэг оюутан байлаа. Гэхдээ гуравдугаар курстээ багштайгаа хамт хийсэн судалгаагаараа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг аваад урамшин, сайн эмч, сайн судлаач болох үндсийг минь тавьсан.
-Хүүхдүүдээ эмч болгох уу?
-Манайх гурван хүүхэдтэй. Том охин дунд сургуульд, хоёр бага маань цэцэрлэгт. Тэднийхээ нэгийг эмч болно гэдэгт найддаг л юм. Хэрвээ өөрсдөө хүсэхгүй бол хүчлэхгүй ээ.
-Та нөхөртэйгээ яаж танилцсан юм бэ?
-Есдүгээр ангидаа 2005 онд хүүхдийн зусланд амарч байхдаа танилцсан.
-Тэгээд л үерхсэн үү?
-Үгүй шүү. Миний араас зургаан жил гүйсэн шүү дээ, манай хүн.
-Та ч нэлээн "гүрийжээ"...
-Тэгсээн. Одоогоос 11 жилийн өмнө 2012 онд манай төрөхийн үүдэн дэх ээж, хүүхэд хоёрын хөшөөний өмнө зүрхэн гал асаасан байж билээ. Энэ явдлыг төрөхийнхөн маань тэр чигтээ мэддэг юм аа (инээв).
-Тантай ярилцах тун сонирхолтой байлаа.
Баярлалаа. Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ