"Системийн нөлөө бүхий банкууд IPO гаргаж, 447 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн"
Банкны тухай хуульд дахин өөрчлөлт оруулах тухай асуудлаар Монголын банкны холбооны зөвлөх З.Шагдарсүрэнтэй ярилцлаа.
-Энэ онд банкны тухай хуульд дахин өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Цаашид улс орны хөгжил, аж үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зэрэг томоохон зорилгыг хэрэгжүүлэхийн тулд банкны салбар өөрөө хөгжих хэрэгтэй гэсэн өнцгөөс харж хуулийг шинэчилсэн. Улмаар банкны засаглалыг сайжруулах нэг арга нь олон нийтэд хувьцаагаа арилжаад, хяналтаа сайжруулах байсан. Нөгөөтээгүүр, томоохон банкнууд нэг хүн, нэг гэр бүлийн өмчлөлд байгаа нь сөрөг талтай гэж үзсэн учир системийн нөлөө бүхий банкнуудад нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээш хувь эзэмших боломжгүй гэх хязгаар тогтоосон. Улмаар системийн нөлөө бүхий банкнууд IPO гаргасан. Энэ оны эцэс гэхэд таван банк 20 хувийн хязгаараа биелүүлэх учиртай ч амаргүй нөхцөлд байна. Таван банк нийтдээ 447 тэрбум төгрөгийн хөрөнгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн байна. Энэ нь манай хөрөнгийг зах зээлийн чадавхыг нэлээд шавхсан харагдаж байна.
-Хуулийн хугацаа дуусахад гурван сарын хугацаа үлдсэн байна. 20 хувийн хязгаараа биелүүлэхэд хэтэрхий давчуу байгаа учир хугацааг сунгах тухай асуудал яригдаж байна. Гэхдээ хуульд жил бүхэн өөрчлөлт оруулах нь зохимжгүй гэх шүүмжлэл ч бий?
-Хуулийн судалгаа дутсан тал байж магадгүй. Гадаадын хөрөнгө оруулалт хайх ажил хийгдэж байна. Гэхдээ 20 хувь гэдэг нь аль нэг хөрөнгө оруулагч тухайн банканд хяналт тавих, удирдлага, зохион байгуулалтын дангаар мэдэх боломжийг хязгаарлаж байгаа. Тиймээс 20 хувийн босгыг өөрчлөх тухай асуудал яригдаж байгаа.
-20 хувийг 33 болгох нь ямар ач холбогдолтой вэ?
-Хувьцааны хувийг нэмснээр тухайн хөрөнгө оруулагчид хориг тавих эрх үүснэ. Тэр хүний зөвшөөрөлгүйгээр банкны үйл ажиллагааны чиглэл, удирдлагын тогтолцоог өөрчлөх боломжгүй. Тиймээс хөрөнгө оруулагчид баталгаа өгч байгаа гэсэн үг.
-Монголд үйл ажиллагаа явуулж буй банкнуудад гаднын хөрөнгө оруулалттай банк цөөнгүй бий. Хуулийн дээрх заалт тэдгээр банкнуудад ямар ач холбогдол үзүүлж байгаа вэ?
-Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өндөрт тооцогддог. Банкны салбарын хувь нийлүүлсэн хөрөнгийн 25 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалт байна гэх тооцоо бий. Хязгаарлалтыг өөрчилснөөр, гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөө үзүүлнэ гэхээс илүү төвлөрөл сааруулахад дэмжлэг үзүүлнэ гэж харж байгаа.
-Хуульд хувь, хэмжээг нарийн заах нь оновчтой вэ, журамд тусгах боломжгүй юу?
-Манай улсын хувьд, хууль тогтоомжийг ялгавартай хэрэгжүүлэх эрсдэл бий. Улс төрийн хамгаалалт гэх талаасаа илүү оновчтой гэж үзсэн.
-Өнгөрсөн долоодугаар сард Эдийн засгийн чуулган болсон. Тус чуулганд оролцсон гаднын хөрөнгө оруулагчид 20 хувийн босгыг дээшлүүлэх санал тавьсан. Түүнчлэн аль нэг банкны таван хувийг эзэмшиж байгаа тохиолдолд өөр банкны 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй гэх хязгаарлалт бий. Үүнийг дотоодын хөрөнгө оруулагчдад хязгаартай, гаднын хөрөнгө оруулагчид нээлттэй байлгахаар яригдаж байгаа гэсэн. Энэ эрсдэлтэй биш үү?
-Таван хувийн босгоос үүдээд асуудал үүсээд байгаа нь харьцангуй гайгүй байна. Гэхдээ таван хувийг суллаж, өндөр болгох зэрэг арга хэрэглэж болох байх. Гэхдээ хэн таван хувийг эзэмших гээд байгаагаас шалтгаалаад уян хатан байлгах боломжтой. Тухайлбал, хөгжлийн зорилгоор оруулж байгаа хөрөнгө оруулалтыг төв банкны зөвшөөрлөөр оруулдаг уян хатан зохицуулалт оруулах боломжтой байх.
-Энэ оны гуравдугаар сараас Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан. Гэвч одоогоор ямар нэг санал ирээгүй байна. Энэ хуулийн хэрэгжилт удааширч байгаа нөхцөлийг та юу гэж харж байгаа вэ?
-Энэ хууль нь гадаадын банкийг оруулж ирэх зорилготой байсан гэж ойлгож байгаа. Зохицуулалтын хувьд, дотоодоос хөрөнгийн эх үүсвэр татахгүй, аж ахуйн нэгжид үйлчлэх, бөөний зээл гаргана гэх хоёр санаа агуулагдаж байсан. Гэхдээ энэ үйл ажиллагааг банкны тухай хуулиар хэрэгжүүлэх боломжтой байсан. Учир нь зөвшөөрөл өгөхдөө төв банк хязгаарлалтаа тавьдаг байсан. Тэгэхээр хууль шаардлагатай байсан эсэхийг эргэж харах шаардлагатай байх гэж бодож байна.
-Гаднын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд эрх зүйн хүрээнд анхаарч байна. Ингэснээр хөрөнгө оруулалтыг бодитоор дэмжиж чадах эсэх асуудал анхаарал татаж байна. Банкны салбар дараагийн том хөрөнгө оруулалтын салбар болж чадах болов уу?
-Манай улсын эдийн засаг уул уурхай болон бусад гэсэн бүтэцтэй байгаа. Уул уурхайн бус салбарт нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20 орчим хувь орж ирдэг. Хууль тогтоомж шинэчлэгдээд, орчин нөхцөл сайжирлаа гээд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэхэд хэцүү. Учир нь гаднын хөрөнгө оруулагч тухайн улсын зах зээлийг хардаг. Манай орны хувьд, эрх зүйн орчноос гадна бид юугаараа гаднын хөрөнгө оруулалтыг татах вэ гэдэг нь чухал. Банкны салбарын тухайд, манай улсын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байвал банкны салбар өсөлттэй байна. Тиймээс уул уурхайн бус салбарын дотроо гадаадын хөрөнгө орууалгчдын анхаарлыг хамгийн сайн татах салбар мөн.
-Төвлөрөл буурснаар иргэдийн худалдан авсан хувьцааны үнэ цэн дээшлэх үү?
-Төвлөрөл буурснаар дээшлэх магадлалтай. Банкны засаглалыг сайжруулах зорилгоор төвлөрлийг сааруулах ажлын эхлүүлсэн. Банкны ашиг, орлого гайгүй байгаа ч хэд хэдэн банкны хувьцаа анхны үнээсээ буурсан. Нэгдүгээрт, урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулагч манай улсад цөөн байна. Нөгөөтээгүүр, хөрөнгийн зах зээлд бүтцийн хөгжил хэрэгтэй байна. Түүнчлэн иргэдийн хувьцаа эзэмшиж, үр өгөөжийг нь хүртэх аргууд илүү боловсронгуй болох хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ