ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙГ 6 АЙМАГТ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймагт 2018-2023 онд хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж, үр дүнг хэлэлцсэн хаалтын үйл ажиллагаа болов.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах, бичил, жижиг бизнес эрхлэгчдийн орлогыг сайжруулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг төслийн хүрээнд орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгууллаа.

Зах зээлийн хөгжил бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл хэрэгжсэн 6 аймагт 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 16 тэрбум төгрөгийг төслийн зээлийн эх үүсвэрээс, 6.6 тэрбум төгрөгийг орон нутгаас санхүүжүүлсэн.

Мөн 24 суманд 144 малчны бүлэг байгуулж, бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжих сургалт, хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүд давамгайлсан 240 бүлэг байгуулж батлан даалт бүхий зээл олгох, борлуулалтаа нэмэгдүүлэхэд  нь дэмжлэг үзүүлэх,  хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, бизнес төсөл боловсруулахад нь мэргэшсэн байгууллагуудаар дамжуулан, сургалт зөвлөгөө өгөх ажлуудыг хэрэгжүүлсэн.

Төслийн аймаг, сумдад санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлж орлогыг тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зээлийг ХААН банк, Төрийн банкаар дамжуулан төслийн эхний шат хэрэгжсэн Булган, Говь-Алтай, Хөвсгөл аймгийг оролцуулан  9 аймгийн 156 сумын иргэдэд олгосон.

2023 оны 07 дугаар сарын байдлаар 2 банк нийт 12.1 тэрбум төгрөгийн зээлийг 970 зээлдэгчид олгосноос иргэний зээлийн 55 орчим хувьд дунджаар 60 хувийн батлан даалтыг төслөөс гаргасан.

Түүнчлэн 56 суманд өвс, тэжээлийн агуулах шинээр барих, засварлах, инженерийн хийцтэй гүн өрмийн 250 худаг шинээр гаргах, бог мал угаалгын суурин 150 банн шинээр барих, 35 суманд бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан борлуулалтын цэг, ажлын байр шинээр барих болон засварлах, 16 суманд төмс, хүнсний ногооны зоорь шинээр барих болон засварлах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ