Зүүн Азийн залуучуудын наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр нээнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах гэж буй.
Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин өрсөлдөнө. Эдгээр тамирчны дасгалжуулагч, албаны болон зохион байгуулагчдын бүрэлдэхүүн нэмэгдэн, нийт 1600 орчим албан ёсны оролцогчидтойгоор наадам эхлэхэд бэлэн болжээ.
Манай улсад зохиогдож буй тус наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Тэр дундаа сагсан бөмбөг нь 3х3 төрөл, мөн сонгодог сагс буюу 5х5 гэсэн хоёр ангиллаар болох юм.
"Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо" ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх "Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа маргааш 20:23 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх бөгөөд “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн үндсэн агуулгын хүрээнд найруулж буй. Мөн энэ үеэр Монголын эртний домгоос сэдэвлэсэн үзүүлбэр, тоглолтууд, лазер шоу зэрэг олон сонирхолтой урлаг соёлын арга хэмжээнүүдийг бэлтгэснээрээ онцлогтой. Эл наадам нь Монгол Улсад зохион байгуулж байгаа анхны хүүхэд, залуучуудын наадам тул тив, дэлхийд өрсөлдөж буй үе тэнгийн хүүхэд, багачуудаасаа суралцах, өөрийн сонирхлын спортын төрлөө олох зэрэг олон давуу талыг бий болгож байгаа. Тэмцээний тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын нээлт үнэ төлбөргүй бөгөөд 20:00 цагт суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно" гэв.
Эхний ээлжид 11 спортын 12 төрлийг харьяалдаг Азийн спортын холбоодоос албан ёсоор техникийн болон шүүгчийн төлөөлөгч, тэмцээн хариуцсан хяналтын хорооны ерөнхийлөгч гэсэн албаны хүмүүсийг томилжээ. Эдгээр бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо, Монголын спортын холбоод хамтран тэмцээний техникийн гарын авлага гэх мэт бүх зүйлийг урьдчилан боловсруулаад Зүүн Азийн олимпын зөвлөлөөр хянуулан, бүсийнхээ хэмжээнд тараасан аж. Одоогоор тивийн спортын холбоодоос энэ наадмыг зохион байгуулахаар нийт 129 олон улсын зэрэглэлийн шүүгч, техникийн ажилтнуудыг томилоод буй.
Наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Харин тэмцээний хуваариас хамааран цөөн тооны спортын заалны тохижилтын ажил үргэлжилж буй юм байна. Түүнчлэн тэмцээнд оролцож буй тамирчдыг бэлтгэл хийх боломжоор хангахаас гадна дотоод дахь тээвэрлэлт, аюулгүй байдал зэргийг бүрэн хангасан байх ёстой гэж үзжээ. Иймээс өндөр зохион байгуулалттай ажиллаж байна гэдгийг хэлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ