I ангилалд бүртгэлтэй, ХК-иудын ТУЗ-ийн гишүүдийн сургалт хангалтгүй байна
Компанийн засаглалын кодексийн үнэлгээний тайланг танилцуулав. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компаниудын энэ оны эхний хагас жилийн тайланг санхүүгийн Зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтэс гаргасан байна.
Компанийн засаглалыг нэвтрүүлэх нь бизнесийн үйл ажиллагааны урт хугацааны өгөөжийг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн хүлээлтэд суурилсан шударга, нээлттэй зах зээлийн орчин бүрдэхэд эерэг нөлөөтэй.
Олон улсын практикийн дагуу компанийн засаглалын чанар, кодексийн хэрэгжилтийг үнэлэхдээ эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн зэрэглэл тогтоох аргыг ашиглажээ. Компанийн засаглалын зэрэглэл нь тухайн компанийн үйл ажиллагаанд эрсдэлийн дүн шинжилгээ хийх мэдээлэл болж, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрсдэлгүй шийдвэр гаргалтад тусалдаг юм.
СЗХ-ны Компанийн засаглал, комплайнсын хэлтэс 108 хувьцаат компанид анхны үнэлгээг хийжээ.Эдгээрээс Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй, ХК-иудын үр дүнг танилцуулъя.
- Нэгдүгээр ангилалд бүртгэлтэй компаниуд 18.4,
- Хоёрдугаар ангилал 14.9,
- Гуравдугаар ангиллын үзүүлэлт 4.8 хувиар тус тус өсжээ.
Тайланд хувьцаат компаниудын ТУЗ, түүний дэргэдэх хороодын үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүн, дотоод эрх зүйн зохицуулалын ил тод байдал /цахим хуудасны шинэчлэл/, бодлогын баримт бичиг, ёс зүйн дүрэм, компанийн дүрэм, дотоод үйл ажиллагааны журам, мэдээллийн ил тод байдал, тайлагнал, комплайнсын хяналт, эрсдэлийн удирдлагын журам, заавар, компанийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр болон хамгийн сайн болон муу хэрэгжсэн засаглалын үзүүлэлтүүдийг багтаажээ.
Нэгдүгээр ангиллын ХК-иудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн 9-12 гишүүнтэй, 44 хувь нь хараат бус гишүүд байна. Нийт ТУЗ-ийн гишүүдийн 28 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.
“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ нь ангилал өндөр байх тусам өндөр байна. Мөн тухайн компанийн үнэлгээ өсөх тусам компанийн засаглал нь сайн дүнтэй байгааг дараах зургаас харж болно.
Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн тайланг өмнөх тайлантай харьцуулбал дараах байдлаар ахиц гарчээ.
2022 онд нэгдүгээр ангиллын ХК-иудын ТУЗ дунджаар 16 удаа хуралдаж, хурлын ирц нь 92 хувь байжээ. Хэлэлцсэн асуудлын дундаж тоо 46 байсан байна. Нэгдүгээр ангилалд нийт 27 ХК бий. Тэдний 30 хувь нь л цахим хуудсандаа бүрэн мэдээлэл байршуулжээ. 54 хувь нь дутуу мэдээлэл байршуулж, 8 хувь нь цахим хуудсаа шинэчилж, 8 хувь нь цахим хуудасгүй байна.
Энэ оны хагас жилийн байдлаар 92 хувь компанийн дүрмээ цахим хуудсандаа байршуулж, 56 хувь дотоод дүрэм, журмаа нээлттэй болгожээ.
ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ, НЭГДҮГЭЭР АНГИЛЛЫН ХК-ИУД
№ | Симбол | Компанийн нэр |
---|---|---|
1 | APU | АПУ ХК |
2 | AIC | Ард Даатгал ХК |
3 | ADB | Ард кредит ББСБ ХК |
4 | AARD | Ард санхүүгийн нэгдэл ХК |
5 | BDS | Би ди сек ХК |
6 | BOGD | Богд Банк ХК |
7 | BODI | Бодь Даатгал ХК |
8 | GAZR | Газар Шим Үйлдвэр ХК |
9 | GOV | Говь ХК |
10 | GLMT | Голомт Банк ХК |
11 | NEH | Дархан нэхий ХК |
12 | INV | Инвескор ББСБ ХК |
13 | LEND | ЛэндМН ББСБ ХК |
14 | MNDL | Мандал Даатгал ХК |
15 | MMX | Махимпекс ХК |
16 | MIK | Мик холдинг ХК |
17 | MNP | Монгол шуудан ХК |
18 | MSE | Монголын хөрөнгийн бирж ХК |
19 | MFC | Монос хүнс ХК |
20 | SUU | Сүү ХК |
21 | TTL | Таван толгой ХК |
22 | TCK | Талх чихэр ХК |
23 | SBM | Төрийн Банк ХК |
24 | TUM | Түмэн шувуут ХК |
25 | KHAN | Хаан банк ХК |
26 | XAC | Хас Банк |
27 | TDB | Худалдаа Хөгжлийн банк |
Та хувьцаа, бонд авах замаар хөрөнгийн зах зээлд оролцохоор төлөвлөж байгаа бол дээрх үзүүлэлтүүдийг анхааралтай уншаарай.
Аль нэг компанийг сонгон хөрөнгө оруулахдаа тухайн компанийн ашиг, борлуулалт, зах зээлд эзлэх хувь зэргийг хамгийн түрүүнд хардаг. Тэгвэл компанийн засаглал буюу ТУЗ-д хэн багтсан, тэд хэрхэн ажилладаг, мэдээлээ ил байршуулсан эсэх, бүх мэдээллээ хуваалцдаг уу зэрэг нь компанийн ашигт ажиллагаанд шууд бусаар нөлөөлдөг, чухал үзүүлэлтүүд юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ