Энэ хичээлийн жилд элсэн суралцах сурагчдын тоо өмнөх жилээс 40 мянга гаруйгаар нэмэгджээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ жил  улсын хэмжээнд 73,900 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарчээ.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "Сургууль, цэцэрлэгт элсэгчдийг хоёр дахь жилдээ цахим системээр бүртгэж байна. Энэ хичээлийн жилд элсэн суралцах сурагчдын тоо, 2022-2023 оны хичээлийн жид төгссөн сурагчдын тооноос 40 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Иймд ойрын гурван жилийн хугацаанд ЕБС-ийн ачаалал нэмэгдэнэ. Нэмэгдэж байгаа ачааллын 50-60 хувь нь нийслэлийн хэмжээнд байхаар төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 40 мянган хүүхэд нэмэгдэж байгаагийн тал хувь нь нийслэлд сурах юм.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх Засгийн газрын 234 гэх цогц тогтоол гарсан. ЕБС-ийн суудлыг зохицуулах хүрээнд нэг мянгаас гурван мянга хүртэлх хүүхдийн хичээлийн байрыг шийдвэрлэх нөхцөл байдал үүсэж байгаа. Иймд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Сурагчдыг "E-MONGOLIA" системээр бүртгэж эхлэх юм. Тус систем рүү нэвтрэн ороход таны харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирэх аж.

Тодруулбал:

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2.  Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  3. "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  4. Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  5. Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  6. Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ