Ж.Чинбүрэн: Нүүрсэнд элэгний хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг нь нотлогдсон

Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын долоо хоног эхэлж байна. Гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтарсан онол практикийн хурал өнөөдөр ХСҮТ-д боллоо.

Монгол Улсад элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын тасаг 15 жилийн өмнө байгуулагдаж байсан бөгөөд дотооддоо хийх боломжгүйд тооцогдож байсан нойр булчирхайн хорт хавдрын мэс заслыг өдгөө нээлттэй болон дурангийн аргаар амжилттай хийж гүйцэтгэдэг болжээ.

Түүнчлэн хавдрын өвчлөлийг бууруулах үндсэн арга нь урьдчилан сэргийлэх, эрт илэрүүлэг болохыг эмч нар хэлж байна. Тодруулбал, хавдрыг үүсгэгч олон хүчин зүйл байгаагийн голлох нэг нь түүхий нүүрсний хэрэглээ болохыг анхааруулж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнгээс тодруулахад тэрбээр "Хорт хавдрыг үүсэхэд нөлөөлсөн орны нэг том нөлөөлөл нь түүхий нүүрс түлдэг байсан явдал. Америк, Итали, Испани улсын судалгааны багтай хамтарч хийсэн миний судалгаагаар түүхий нүүрснээс ялгарч байгаа оксид нь дангаараа элэгний хорт хавдар үүсгэх шалтгаан болж байгааг тогтоосон. Дөрвөн хүн тутмын нэгд энэ төрлийн шалтгаан үүсэж буйг молекул, генетикийн түвшинд судалж үзэхэд тогтоогдсон. Азаар нийслэлчүүд түүхий нүүрснээсээ салсан. Харин орон нутагт энэ байдал хэвээр байна. Цаашид бид түүхий нүүрснээс бүр мөсөн татгалзаж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг анхааруулах нь зүйтэй" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ