УБЦТС: 6 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг залгаж сэргээгээд байна

 Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон үерийн гамшгаас болж 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байсан нөхцөл байдалд УБЦТС компаниас цахилгаан дамжуулах шугамд үзлэг хийж 136 дэд өртөө, 6338 хэрэглэгчийн хэргэлээг хүчдэлд залгаж сэргээгээд байна.

Өчигдөр орой буюу наймдугаар сарын 6-ны 22.00 цагийн байдлаар 7 дэд өртөө, 508 хэрэглэгчийн хэрэглээ сэргээгүй байна.

Улаанбаатар хотод наймдугаар сарын 5-ны өдрийн 19.30 цагийн үед усархаг, аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жамсран уулын баруун тал руу уруйн үер бууж, 4 хүний амь нас эрсдэж, олон тооны айл өрх, аж ахуйн нэгжүүд хор хохирол амсаад байгаа билээ.

Үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж байна.

Усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг, засвар хийж, сэргээн босгох ажлыг УБЦТС ТӨХК-ийн шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ