АЙЛЧЛАЛ: АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж, тийзийн үнэ хямдарна

-АНУ-ын Вашингтон хотоос ikon.mn сайтын сэтгүүлч Т.Өлзийбаяр мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн айлчлалын үр дүнд Монгол Улс, АНУ тээврийн салбарт хамтран ажиллахаар болсон талаар өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан юм. Энэ хүрээнд Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болоод буй. 

Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Шууд нислэг үйлдэхэд тодорхой аюулгүй ажиллагаа хангагдах ёстой. Улаанбаатар хотоос АНУ руу хамгийн багадаа 24-48 цаг хүртэлх хугацаа зарцуулж, дамжин нисэж байгаа. 

Тэгвэл ирэх онд Улаанбаатар хотоос шууд нисээд АНУ-ын аль ч хотод буух боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн нислэгийн хугацаа 2-3 дахин буурах боломжтой. 

Үүнтэй холбоотойгоор тийзийн үнэ бас хоёр дахин буурна. Монголчууд богино хугацаанд хямд тийзээр АНУ руу нисэх юм. Цар тахлын өмнөх жилд 60,000 орчим хүн Монгол АНУ-ын хооронд нисэж байсан" хэмээв. 

"Түрээсээр МИАТ компани хоёр онгоц авч байгаа. Сард 800,000 ам.доллар төлнө" 

Түүнчлэн "Шууд нислэгтэй болохоор долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх боломжтой гэж харж байгаа. Шууд нислэгтэй болбол хоёр улсын эдийн засаг, боловсрол, бизнесийн харилцаа сэргэж, Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хоёр улсын худалдааны эргэлт 175 сая ам.доллар байна. 

АНУ-ын шууд нислэгт зориулж, түрээсээр МИАТ компани хоёр онгоц авч байгаа. Онгоцны түрээст сард 800,000 ам.доллар төлнө. Эхний онгоц наймдугаар сарын 10-нд Улаанбаатарт бууна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан хоёр дахь онгоцоо авна. Ингэснээр АНУ болон өөр хол газарт шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Бүрэн хэвтдэг 30 гаруй бизнес суудалтай онгоц юм" гэдгийг салбарын сайд онцоллоо. 

20 гаруй жилийн хугацаанд АНУ-аас Монгол руу шууд нислэгтэй болох саналыг тавьж иржээ. Тэгвэл агаарын тээврийн либералчлалын хүрээнд Монгол Улс АНУ-тай шууд нислэгтэй болох асуудлыг хөндөж, ийнхүү шийдвэрт хүрэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.150)
    Сайдын ярьж байгааг сонсоход тийзийн үнэ нэг их буухгүй бололтой байна.Одооны бдлаар 1000-2000$ -н хооронд тогтох бх гэхдээ судлаж бна гэж ярьж бна.Өнөөдрийн бдлаар эрт захиалбал ирж очихын 1300-1400$ орчим байгаа!
    2023 оны 08 сарын 06 | Хариулах