М.Бадарчийн арслан цолны мялаалга наадам ирэх 7 хоногт болно
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлсэн. Улсын баяр наадамдаа түрүүлж "арслан" цол авсан М.Бадарч Архангай аймгийн 100 жилийн ойдоо оролцож буй. Төрсөн нутгийн зон олон нь түүнийг ёслол хүндэтгэлтэй угтан авч тэрбээр аймгийнхаа наадамд үүрэг өндөр оролцсон. Улмаар бусад тэгш ойтой аймгийн наадамд ч оролцож үзүүр, түрүү бөхөөр тодроод байгаа. Түүний цолны мялаалга наадам ирэх долоо хоногийн Баасан гаригт /2023.08.11/ болох юм.
Арслан цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд болох бөгөөд хурдан морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, өсвөрийн 32 бөхийн барилдаан болох аж. Мөн Цэнхэр сумаас гаралтай уран бүтээлчид оролцсон баярын шоу хийхээр төлөвлөжээ.
Сонирхуулахад, М.Бадарч арслан өнгөрсөн жил Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадмын барилдаанд үзүүрлэж байсан.
Монгол Улсын арслан М.Бадарч наадмын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ жил "Алтан цом"-оос эхлээд багаараа бид сайхан барилдлаа. Улсын наадам ес даван түрүүлсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, хань ижил, үр хүүхэд, дэмжиж уухайлсан нийт ард түмэндээ баярлалаа.
Улсын наадмаараа санаснаараа сайхан барилдаж чадлаа. Энэ жил Архангай аймгийн минь 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо бэлэг барьж чадлаа.
Сэтгэл маш өндөр байна. Хүлээлт өндөр дэмжиж байсан нийт наадамчиддаа баярлалаа" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ