Говь-Алтай аймагт соёлын бүтээн байгуулалтын долоон төсөл хэрэгжиж байна
Соёлын сайд аймгийн соёлын салбарын ажилтан албан хаагчид, уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзаж 2023 онд Соёлын яамнаас орон нутагт чиглэн хийж хэрэгжүүлж буй ажлууд болон Говь-Алтай аймгийн сумдад хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаас танилцууллаа.
Тухайлбал: Аймгийн хэмжээнд нийт соёлын долоон бүтээн байгуулалтын төсөл үргэлжилж байгаа бөгөөд Бугат, Цээл, Тонхил, Баян-Уул, Халиун суманд соёлын шинэ төвийн барилгын ажил, Дэлгэр сумын соёлын төвийн их засварын ажил хийгдэж байна.
Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд орон нутгийн судлах музейн барилгын ажил дуусаж хүлээлгэн өгсөн бөгөөд музейн үзүүлэг дэглэлтийн ажил үргэлжилж төлөвлөсөн хугацаандаа бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж буйг онцлов.
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар нь хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, урлаг, уран сайхны боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэн эзэмшүүлэх, соёлын олон талт үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэйгээр харьяа байгууллагуудын нийт 223 ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин ахмад уран бүтээлч, албан хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ