БНСУ-ын визний мэдээллээ өөрчлөх, байрлах хаяг, зорилгоо нотолж чадахгүй бол хилээр нэвтрүүлэхгүй

БНСУ-д зорчих визний зөвшөөрөл гарсан ч тус улсын хил дээр очоод нэвтрэх боломжгүй, буцаагдаж буй иргэд цөөнгүй байгааг олон нийт хэлж байна. Тодруулбал, тус улсад очоод юу хийх, хаана байрлах гэх мэт мэдээллээ дэлгэрэнгүй тодорхойлж чадахгүй байх зэрэг шалтгаанаар хил дээрээс буцаж байна.

Ингэснээр мэдээж тухайн хүнд мөнгө санхүү, цаг хугацаа, төлөвлөсөн ажил гэх мэт зүйлсийн хувьд тодорхой хэмжээний алдагдалтай байх сул талтай. Бид энэ талаар Монгол дахь БНСУ-ын Консулын хэлтсээс тодруулахад ямар ч улс өөрийн эцсийн зөвшөөрлийг хил дээр шалган нэтрүүлэхдээ өгдөг зарчмаар ажиллаж байна хэмээх хариуг өглөө.

Тодруулбал "Хил дээр болж буй үйл явдлыг БНСУ-ын ЭСЯ-наас зохицуулдаггүй. Нөгөөтээгүүр энэ талаар өмнө нь Монголын Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хүргэж байсан. Өөрөөр хэлбэл БНСУ-д байгаа Монголын ЭСЯ болон холбогдох байгууллагуудтай ГХЯ холбогдож иргэд хил дээрээс яагаад буцаагдаж буй талаарх мэдээллийг тодруулан, мэдээлэл болгон хүргэж байсан. Ер нь ямар ч орны, тодорхой хугацаанд визгүй нэвтэрдэг улс орнуудад ч шалгалтын эцсийн шат нь хил дээр хийгддэг учир  шалган нэвтрүүлэх эрх бүхий төрийн албан хаагчид нь тухайн хүний нэвтрэх эсэхийг шийддэг. Хил дээрээс буцаагдах боломжтой гэдгийг анхааруулсан агуулга бүхий мэдээлэлтэй англи, солонгос хэл дээрх хуудсыг мөн тухайн хүнээр бөглүүлдэг" гэсэн юм.

Сонирхуулахад, БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37 мянган гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.

Гадаад харилцааны яам дараах мэдээллийг 2023 оны зургаадугаар сарын 15-нд хүргэж байв.

БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ БОЛОН ТУС УЛСАД ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна. Үүнд:

  • БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do цахим хуудаснаас авна уу/
  • Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.
  • Зохих ангиллын виз авч, БНСУ руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.
  • БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна.

Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно.

Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ