ЭЛЭГ ЦӨС НОЙР БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН тасгаа байгуулсны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон улсын хуралд эмч, сувилагч та бүхнийг урьж байна.
Хорин зургаан жил эмчээр ажилласан хугацаанд элэгний, цөсний, нойр булчирхайн хорт хавдрыг Монголдоо олон улсын хэмжээнд, олон мэргэжлийн багаар эмчилдэг, чаддаг болох гэж зүтгэсэн том ажлын үндэс суурь нь 2008 онд байгуулсан ЭЦНБ мэс заслын баг, тасаг юм. Тэртээх 15 жилийн өмнө элэгний хавдрын мэс заслыг арай ядан хийж чадаж байх үед сайхан сэтгэлтэй олон эрдэмтэн, докторуудын тус дэмээр өнөөдрийн түвшинд хүрч ангиографийн баг, элэг, нойр булчирхайн мэс заслын баг, Элэг шилжүүлэн суулгах баг гээд элэгний хорт хавдрыг эрт үеэс нь элэг солих хүртэлх эмчилгээг Монголдоо нутагшуулж чадсан олон сайхан шавь, залуучуудтай болжээ.
Монголдоо эмчлэх боломжгүйд тооцогдож байсан нойр булчирхайн хорт хавдрыг нээлттэй аргаас дурангийн аргаар хийдэг, чаддаг болсон олон чадварлаг Монгол мэс засалчид төржээ.
Мэс засалч, эмч бид тасралтгүй өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл зэрэгцэн хөгжиж байж ард иргэддээ чанартай эмнэлгийн тусламж хүргэнэ.
15 жилийн ойн хүрээнд зохиогдож буй онол практикийн энэхүү хуралд Япон, БНСУ, Франц, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орнуудаас сор болсон эрдэмтэд оролцоно.
Сор болсон эрдэмтэн профессоруудын лекц сонсох, харах боломж мэргэжил нэгт та бидэнд олдож буйд өргөнөөр оролцоорой. Хурлын талаарх мэдээллийг доорх постеруудаас үзээрэй. Мөн дараах холбоосоор бүртгүүлэн хуралдаа оролцоорой
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД