П.Сайнзориг: Допингийн шинжилгээг бөхчүүдээс АТГ, Цагдаагийн байгууллагын хяналт дор авсан

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрвөөс дээш давсан 32 бөх, шилдэг 16 харваачаас допингийн шинжилгээ авдаг.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар таваас дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авсан бөгөөд долоодугаар сарын 11-нд авсан шинжилгээний хариу хэзээ ирэх талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.

-Бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Допингийн шинжилгээ авах, БНСУ-ын олон улсад баталгаажсан лабораторид шинжлүүлэх, шинжилгээний хариу зарлах ажлыг Допингийн эсрэг үндэсний байгууллага хариуцдаг. Үндэсний бөхийн салбар хороонд шинжилгээний хариуг албан ёсоор мэдэгдэнэ. Одоогоор салбар хороонд хариу ирээгүй байна.

-Шинжилгээний хариуг сольсон гэх хардлагыг зарим бөх гаргаж байсан. Энэ удаа ийм хардлага төрүүлэхгүй гэх баталгаа байна уу?
-Бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдээс эхлэн допингийн шинжилгээ шууд авсан. Шинжилгээ Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хяналт дор авсан. Хардах сэрдэх үндэсгүй гэж хэлж болно.

-Шинжилгээний хариу ингэж уддаг шалтгаан нь юу вэ?
-Хуульд зааснаар Допингийн эсрэг үндэсний байгууллага шинжилгээг хариуцдаг. Бид тэр байгууллагын ажлыг мэдэхгүй байна. Шинжилгээ хийдэг лаборатори нь олон улсад баталгаажсан, дэлхийд 30-аад байдаг лабораторийн нэг юм билээ. Тиймээс ачаалал ихтэй. Нэмэлт төлбөр төлөөд хариугаа яаралтай гаргуулж болно. Манай улс ердийнхөөр нь үйлчилгээний төлбөрөө төлсөн учир захиалга өгсөн хугацааны дарааллаар хүлээгдэж байгаа гэж ойлгосон гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ