Б.Ганхуягийг цагдан хорих хугацаа ирэх 7 хоногт дуусна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сард /2023.07.06/хуралдаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай Нийслэлийн прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцээд, хүлээн авч хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэсэн. Тодруулбал, яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан … “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгах”… гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн юм.

Түүнийг цагдан хорих хугацаа ирэх долоо хоногт дуусч байгаа учир үргэлжлүүлэн хорих эсэхийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж шийднэ.

Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ