Түрээслэн амьдарч байсан орон сууцаа өөрийнх мэтээр бусдад итгүүлж, худалдахыг завджээ
Иргэн Д.А 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах 3 өрөө орон сууцыг түрээслэн суужээ. Түрээсэлж байх хугацаандаа тухайн байрыг өөрийн өмчлөлийн байр гэж иргэн Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 60 сая төгрөгөөр зарна гэж тохиролцсон. Улмаар урьдчилгаа болгож бэлнээр болон дансаар нийт 8 сая төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ.
Түүнд байраа түрээсэлсэн, уг орон сууцны эзэн “Д.А миний байрыг 1 жил 6 сарын хугацаатай түрээсэлсэн. Нэг өдөр өөрийн байранд очиход миний танихгүй хүн байхаар нь асуухад “Энэ байрыг худалдаж авсан, урьдчилгаа өгсөн” гэжээ. Улмаар байрныхаа бүх бичиг баримт болон Д.А гэх хүнд түрээсэлсэн гэрээг авч ирж үзүүлэн нотолсон байна.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.А-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Д.А-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа нутаг дэвсгэрээс гадагш зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.
Учир нь Д.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, жирэмсэн байх тул торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй аж.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл.Залилах
1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД