Энэ сард нийслэлд олон жилийн дунджаас 46 мм илүү хур тунадас оржээ

Долоодугаар сард ихэнх нутгаар бороо үргэлжлэн орж, ихэнх голууд үерийн түвшинг давсан. Улаанбаатар хотод сэлбэ голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэн ойр орчмын хороолол усанд автсан. ЦУОШГ-аас энэ сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна хэмээн мэдээлжээ.

Тус байгууллагаас цаг уурын урьдчилсан төлөвийн мэдээ болон хэмжилтийн талаар тодруулав.  

ЦУОШГ-ын ерөнхий инженер Б.Жаргалан “Монгол Улсын хэмжээнд цаг уурын хэмжилтийн 137 станц бий. Эдгээр станцаас гурван цаг тутамд ЦУОШГ-т мэдээлэл ирдэг. Улаанбаатар хотод СХД-ийн тахилтын дэнж, Мишээл экспо, Нисэхэд байрлах гурван станцтай. Манай байгууллага сарын урьдчилсан  төлөвийн мэдээг Европын холбоо, БНСУ хамтарсан агаар мандал, далайн физик процессуудыг багтаасан загварт ажиглалт,  дүн шинжилгээ хийн тоймлон гаргадаг.

 

Энэ сарын урьдчилсан мэдээнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, говийн нутгаар хур тунадас олон жилийн дунджаас бага орно. Харин Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хур тунадас ахиу орно гэх мэдээлэл өгсөн.

Түүнчлэн тухайн өдрийн хур тунадасны хэмжээг өглөө 8 цагт болон 20 цагт хэмждэг. Сарын урьдчилсан мэдээг гаргахад тухайн сард яг хэдэн мм хур тунадас орно гэж баттай мэдээлэх боломжгүй. Харин олон жилийн дунджаас бага, дунд, их орно гэдгийг мэдээлэх боломжтой” гэв.   

Монгол Улсад жилийн хур тунадасны 85 хувь нь дулааны улиралд (4-9 сар) унадаг бол түүний 50-60 хувь нь долоо болон наймдугаар сард унадаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ