Үерээс хамгаалах арга нь далан биш ус хуримтлуулах сан гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар усны салбарын инженерүүд, эрдэмтэн, судлаачид, их, дээд сургуулийн багш нартай өчигдөр уулзав.

Энэ үеэр үерийн нөхцөл, үерийн даланг хаасан барилга, байгууламжийг цаашид хэрхэх чиглэлээр санал солилцсон юм. “Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулжээ.

Улаанбаатарын хэмжээнд 1966 оны үертэй дүйцэхүйц хэмжээний ус урсан орж ирвэл Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах юм.

100 жилд нэг удаа тохиох магадлалтай буюу секундэд 2490 шоо метр зарцуулгатай үер орж ирэхэд хотын 40,000 га талбай, үүнээс 34,900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автана.

 

Улаанбаатарт нийт 153 км далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн далангуудын насжилт хэтэрч, эргийн бэхэлгээ нь эвдэрчээ. 

Иймд хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд төвийн зургаан дүүргийн суурьшил ихтэй бүсэд Туул голын хойд эргийн хамгаалалтын даланг өндөрлөж, тохижуулахаар тусгажээ.

Үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг сайжруулахын тулд Сэлбэ, Улиастай голд үерийн ус хуримтлуулах сан байгуулж, урсцын тохируулга хийх юм. Ингэснээр суурьшлын бүсийг үерт автахаас сэргийлж, хур тунадас багатай үед голын урсцыг тэтгэнэ.

Үерийн хамгаалалтын далангийн хувьд

  • Туул гол дагуу таван байршилд 13 км
  • Сэлбэ голын дагуу 10 км
  • Улиастай голын дагуу 9 км даланг шинээр барихаар төлөвлөжээ.

Хүчтэй аадар борооны улмаас ус гуу жалга, сайр даган шавар, шороо, чулуутай холилдон урсах уруйн үерээс хамгаалах 107.6 км хамгаалалтын суваг 58 байршилд бий. Гэсэн ч ихэнх нь хуучирч, засварлах шаардлагатай болсон. Иймд төлөвлөгөөний хүрээнд 2040 он хүртэл үерийн хамгаалалтын 345 км суваг, 23 км даланг шинээр хийнэ.

Нийслэлийн хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3084 шүүрт худаг, 3601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 шахуургат худаг байна.

Борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувийг 1990 оноос өмнө хийсэн. 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Тиймээс 1987 оноос хойш ашиглаж байгаа шахуургат станцыг өргөтгөнө.

Автомат удирдлага бүхий  станцыг шинээр барихаар төлөвлөжээ. Түүнчлэн цуглуулагч шугамуудыг засаж, зарим байршилд борооны уснаас гадна хөрсний ус зайлуулах шугам сүлжээнээс ус хүлээн авах 280 км цуглуулагч шугам шинээр хийх юм.

Нийслэлд хөрсний ус зайлуулах 24 км шугам, хяналт шинжилгээний 45 цооног байна. Цаашид буюу 2040 он хүртэл 42 цооногийг хөрсний усны түвшин бууруулах, шүүрүүлэх 58 км байгууламжийг хийхээр төлөвлөжээ.

Улаанбаатарын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг:

-Мастер төлөвлөгөөг 100 жилд нэг удаа тохиох үерийн эрсдэлийг тооцоолон боловсруулсан. Энэ  сарын 5-наас эхэлсэн үер найман жилд нэг тохиох хэмжээний үер. Төлөвлөлтийг гурван багц бүхий 11 хэсэгтэйгээр 2040 он хүртэл дөрвөн үе шаттай хийхээр боловсруулсан.

Одоо ТЭЗҮ-г боловсруулж байна. Есдүгээр сарын сүүлч гэхэд ажлын зургаа гаргачихсан байна. Бид АНУ-ын армийн инженерийн корпусын гаргасан, аль ч улсад хэрэглэдэг загварчлалыг ашигласан. Төлөвлөгөөг боловсруулахад уг загварчлалыг ашиглаж чадах хэмжээний, үндэсний мэргэжилтнүүд хамтран ажилласан гэв. Мөн тэрбээр үерийн эрсдэлтэй бөгөөд чөлөөлөх шаардлагатай байршлуудын судалгааг танилцуулсан юм.

Мастер төлөвлөгөөг БХБЯ-ны захиалгаар хоёр жилийн өмнөөс хийж эхэлжээ. Дээр нэр дурдсан компаниуд тендерт шалгарч, ажлыг гүйцэтгэсэн байна. Тэд зургаан боть судалгаагаа өнгөрсөн зургаадугаар сарп хүлээлгэн өгчээ. 2040 он хүртэл хэрэгжих ажлуудын нийт зардал 4.9 их наяд төгрөг гэсэн тооцоо гарсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ