УОК: 10 барилгын ус соруулах ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2023 оны долдугаар сарын 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртсөн, 53 дэд өртөөний 14,132 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөн зайлуулсан.
Сэлбэ, Натур орчимд Баянзүрх дүүргийн 3, Сүхбаатар дүүргийн 7 байрны зоорийн давхрын усыг соруулаагүй нийт 10 барилга байгаа бөгөөд өнөөдөр соруулж дуусах аж.
Геодези, усны барилга байгууламжийн газар Нарны гүүр, Алтай хотхон, Замын цагдаагийн газар, Энхтайваны гүүр, Гэгээнтний уулзвар, 19-р хорооллын арын зам, 120 мянгат орчим, Вокзал зэрэг байршлуудын зам талбайд тогтсон усыг 3 усны машинаар нийт 686 тонн ус соруулан, зөөврийн 2 усны насосоор 6 цагийн турш 11,100 м3 усыг тус тус соруулан ажилласан байна. Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар Баянмонгол хороолол, Сэлбэ хотхонд 1 сордог машин, 19 гном, 1 генератор ашиглан харъяа орон сууцны подвалийн усыг соруулах ажлыг 267 хүн 21 техниктэй хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ