Тамхиа унтраалгүй шидэж, автомашин шатаасны улмаас 31 сая төгрөгийн төлбөрт унажээ
Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн автомашин шатсан байна. Иргэн А гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31 сая төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Б “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б-гийн гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.
Хэргийн баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ иргэн Г-ийн нэр дээр бүртгэлтэй боловч нэхэмжлэгч А-ийн өмчлөл, эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А өөрийн автомашин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.
Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан.
Мөн галын дуудлагатай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор ....бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан ...гэх байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, харин Б-гийн болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ.
Хэргийн газрын болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагч Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь Б-гийн үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажуугийн автомашины зогсоолд байрлуулсан нэхэмжлэгчийн автомашин шатсан байна.
Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49 сая төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41 сая төгрөг гэж тогтоожээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг бодитой бус гэжээ.
Иргэний хуульд бусдын ... эд хөрөнгөд ... болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б-гийн татсан тамхины ишээ унтраалгүй хогийн цэг руу хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч А-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг Б хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.
Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ