Э.Оюунболдоос дахин допинг илэрснийг албан ёсоор зарлалаа
Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Хоёрдугаар сарын 20-н буюу битүүний өдөр 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ирсэн. Үүнээс 14 хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 18-ны дотор допинг илэрсэн нэг бөх В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдээрэй гэсэн 33 хуудас материал ирсэн. Бөхийн холбооны ажлын алба ирсэн өдөр нь тухайн бөхдөө энэ мэдээллийг хүргүүлсэн. Утсаа аваагүй тул мессеж бичсэн. Маргаашнаас нь утас нь холбогдоогүй. Шинжилгээ өгөхдөө анкет бөглөдөг. Анкет дээр нь гэрийн хаяг бичдэг. Тус гэрийн хаягаар нь гурван удаа очсон. Хүн байгаагүй. Дөрөв дэх удаа буюу тавдугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тавдугаар сарын 7-н гэхээр нөгөө бөхийн эрхийн асуудал бий. 14 хоног буюу тавдугаар сарын 21-ний дотор В сорьцоо шинжлүүлэх эсэхээ мэдэгдэх байсан. Шинжилгээнийхээ хариу, мэдээллээ авсан ч дөрөвдүгээр сарын 5-наас өнөөдрийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд огт холбогдоогүй. Ирж ч уулзаагүй. Тиймээс битүүний өдөр дөрөв давсан 16 бөхийн нэг улсын арслан Э.Оюунболдоос оксандролин, метандиенон гэсэн S1 бүлгийн анаболик стериод төрлийн бодис илэрсэн. Допингийн эсрэг үндэсний журманд заасны дагуу мөн олон улсын WADA-ийн журмын дагуу өнөөдөр хугацаа нь болоод зарлаж байна. Бид ирээд уулзчих болов уу, тайлбар өгөх болов уу гэж хоёр сар гаран хүлээсэн. Харамсалтай нь ирсэнгүй” гэжээ.
Ийнхүү Э.Оюунболд арслан гурав дахь удаагаа допингийн шинжилгээнд бүдэрлээ. Тэрбээр өмнө 2019 онд улсын баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн ч шинжилгээнд бүдэрч, дуусдаггүй драма эхэлсэн. Олон ч үйл явдал өрнөж, барилдах эрхийг нь сэргээсэн боловч Хүй долоо худагт болсон барилдааны үеэр Ц.Содномдорж арслан, Э.Оюунболд арслан хоёроос шинжилгээ авахад түүнээс дахиад л илэрсэн. Одоо бас дахиад л илрэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ