2024 онд 13.4 их наяд төгрөгөөр 184 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

    Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
    Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулжээ. 
   Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд, байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагаас 2024 онд хэрэгжүүлэхээр нийт 80.2 их наяд төгрөг бүхий 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлснээс Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан нийтдээ 13.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий найман тэргүүлэх чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 2.3 их наяд төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 0.2 их наяд төгрөг, гадаадын зээлээр 1.3 их наяд төгрөг, гадаадын тусламжаар 0.5 их наяд төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4.5 их наяд төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 3.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээр 1.6 их наяд төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ.
   Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гол зорилго нь өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд “Экспортыг нэмэгдүүлнэ”, “Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ”, “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна”, “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ”, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна”, “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна”, “Засаглалын үзүүлэлтийг сайжруулна”, “Ногоон хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ