Польш-Монголын бизнес форум боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг “Шангри-Ла” зочид буудалд зохион байгууллаа.

Бизнес форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцов.

Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв.

БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв.

Цаашид уул уурхай, ашигт малтмал,  геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв.

Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв.

Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов.

Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.

Бизнес форумд БНПУ-ын 23 аж ахуйн нэгжийн 31 бизнес эрхлэгч, Монгол Улсаас 350 гаруй бизнес эрхлэгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ ганцаарчилсан уулзалт хийн, түншийн харилцаа тогтоолоо.

БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа.

Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн,  сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн.

“Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна.

Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

БНПУ-ын экспортын хэмжээ 343,8 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги/.

Импортын хэмжээ 363,7 тэрбум евро. /машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, эрдэс бодис/.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3,7 тэрбум евро юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ