Монгол H7N9 вирусын халдварын тархалтад бэлэн үү?

Хойд Солонгосын цөмийн заналхийлэл Хятадын шувууны ханиадны дуулианд дарагдаад байна гэхэд хилсдэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх БНХАУ-д дэгдээд буй томуугийн А хүрээний H7N9 шинэ вирусын халдвар өчигдрийн байдлаар 102 хүрээд байна.
ДЭМБ-ын мэдээгээр уушгины үрэвслийн хүнд хэлбэрийн өвчлөлийн улмаас БНХАУ-ын Шанхай хотод нас барсан 2 хүний цогцос, Анхуй мужийн Чужоуд мөн л уушигны хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөний сорьцоос өнгөрсөн сарын 29-нд томуугийн А хүрээний H7N9 хэмээх шувууны гаралтай шинэ вирус болохыг тодорхойлжээ.
Вирусны тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж, олон хүн нас барж байгаа нь олон улсад санаа зовоох томоохон асуудал боллоо. Тэр дундаа БНХАУ-тай хил залгаа оршдог манай орны хувьд энэ шинэ төрлийн вирусын халдвар дамжин орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа юм. Тиймээс болзошгүй аюулд манай холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар бэлтгэлтэй байгаа талаар сурвалжилсан юм.


ЭМЯ-ны халдварт өвчин судлал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэл: Энэ вирус эмчлэгдэнэ

-Шувууны ханиад манайд ороод ирвэл Эрүүл мэндийн яамны зүгээс ямар бэлтгэлтэй байгаа вэ?
-Бид 2009 онд гарсан H1-ийн сургамж дээр үндэслээд Эрүүл мэндийн сайдын тушаалаар  “Томуугийн цар тахлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө” гаргасан. Тэр төлөвлөгөөнд зөвхөн H1 биш томуугийн шинэ вирус гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар заасан байгаа. Гэхдээ дөрвөн жилийн өмнө гарсан вирус учир бид одоо тархаад байгаа шинэ төрлийн вирусын халдвартай холбоотойгоор эрүүл мэндийн сайдын тушаалаар дахин төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Одоо манай эмнэлгүүд бэлэн байдлаа хангаад ажиллаж байна. Тухайлбал 5-10 ортой тусгаарлах өрөө бэлдэж, эмч нараа сургалт, сурталчилгаанд хамруулж, иргэдэд зориулсан 45-53-88 утас ХӨСҮТ дээр ажиллуулж байна. Хэрвээ энэ томуугийн сэжигтэй шинж илэрвэл дээрх дугаат яаралтай холбоо барьж дуудлага өгөх хэрэгтэй. Бас  ажлын цагуудаар зөвлөгөө өгч байгаа. Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний баг бэлдсэн. Энэ нь томуу дэгдсэн үед хэн ямар үүрэг хүлээж ажиллах вэ гэдгийг нарийн зохицуулсан баг гэсэн үг. Бид энэ багаараа үзүүлэх сургуулилт ч бэлдсэн байгаа.
-Вирусыг эмчлэх эмний нөөц боломж хэр байгаа вэ, бэлдсэн үү?
-Тодорхой хэмжээний эмийн нөөцөө гаргаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу захиалчихсан байгаа. Бас оношлуур авах гээд БНХАУ болон Япон улсын талтай ярилцсан байгаа. Тавдугаар сарын дундуур Японоос оношлуур ирэх чиглэлтэй байгаа. Тэгээд ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцөө гаргачихсан. Ард түмэндээ сэрэмжлүүлэх сурталчилгаа байнга хийж байгаа.
-Энэ вирусын эмчлэх арга нь тодорхойгүй байна гэж хэвлэлүүдээр гарсан орчуулга мэдээнд дурдсан байсан. Энэ үнэн юм уу?
-Эмчлэгдэнэ шүү дээ. Тромиплю гэдэг эмэнд эмчлэгдэж байгаа.
-Илрэх шинж тэмдэг нь ямар байх вэ?
- Эхний үедээ бусад төрлийн томуутай адил найтаана, ханиана,  онцлог нь маш богинохон хугацаанд цустай цэр гарна. Амархан уушигны хатгаа болно. Тэгээд уушигны стресс гэх хам  шинж гарч ирдэг. Ер нь БНХАУ-д нас барсан хүмүүсийн ихэнх нь уушигны хүнд хэлбэрийн хатгаагаар өнгөрсөн.
-Энэ вирус хэр хугацаанд эдгэрэх боломжтой вэ?
-Вирус илэрсэн тухай мэдээлэл энэ сарын 05-наас эхэлж олон нийтэд цацагдаж эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр хүртэл 20-иод хонож байхад өвчилсөн хүмүүсийн 6 нь эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
-Энэ вирусны талаархи мэдээллийг яг хаанаас авч байгаа вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох эрүүл мэндийн байгууллагуудын вэбсайтаас авч байна даа.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 


Муугаар ёрлосныг минь өршөөгөөрэй, гэхдээ манай оронд шувууны ханиадны халдвар тархсан тохиолдолд ЭМЯ бэлэн байдалд орж, яаралтай авах арга хэмжээгээ бэлтгээд байгаа нь сайшаалтай. Дээрх эмчийн ярианаас үзэхэд ийм төрлийн халдвар илэрсэн тохиолдолд ямар эм ууж эдгэхийг хүртэл эмч нар маань тогтоосон бололтой.
Урд хөршөөс хил даван орж ирэх магадлалтай нянг хүн ардынхаа энхийн манаанд зогсож буй эмч нар маань хэдийнэ онилсон бололтой. Харин цагаа тулахад ярьсан яриа, бодит байдал хоёр яв цав байх нь хэр бол.
ДЭМБ-д захиалсан эм тариа хэзээ ирэх бол, хаана яаж саатах бол.
Эрүүл мэндийн сайд Д.Удвал ахайтны Хятадад гарсан шувууны ханиадны шинэ вирустэй холбоотой гаргасан тушаал хэр “найдвартай” эд бол. Сүүлийн үед уналтад ороод байгаа, элдэв гэмт хэрэг, шуугианы үүр уурхай болоод буй эрүүл мэндийн салбар халдварт өвчний дайралтад хэр бамбай болж чадах бол. Энэ талаар эрүүл мэндийн салбарынхан шат шатандаа анхааралтай, өндөр бэлтгэлтэй байхад илүүдэх юун.  



Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Хонгорзул: Хилээр орж гарч байгаа бүх хүнийг термокамераар шалгаж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ